Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнод аймагт гарсан ой хээрийн түймэр унтраагүй байна

Б.Ану
2015 оны 4 сарын 23
iKon.MN

 

Энэ  сарын  18-нд   Дорнод  аймгийн Дашбалбар   хилийн  застав,  Баян-Уул  сумын хилийн  0275-р ангийн  Ульхан заставаар ОХУ-аас хээрийн түймэр орж  ирсэн билээ.

 Өнөөдрийн  байдлаар Баян-Уул сумын  орчимд дэгдсэн ой хээрийн түймэр нэлээд томоохон бүсийг хамарч,  Царам, Цагаан тэмээ, Зүрхний даваанд ой модондоо асаж байна.

Харин Дашбалбар сумын түймрийг өчигдөр бүрэн унтрааж цурманд оруулсан гэсэн сайн мэдээ байгаа юм.

Дээрх хоёр түймрийг унтраахаар нийслэлийн болон аймгийн онцгой байдлын алба хаагчид, цэргийн анги, нутгийн иргэд долоо хоногийн турш ажиллаж байна. Тэдний галтай тэмцэх хамгийн гол багаж нь үлээгч аппарат бөгөөд энэ нь шатахуунаар ажилладаг. Иймд аймаг, сумын нөөц сангаас гаргасан шатахууны нөөц дуусч,  ШТС-уудаас зээлээр авч байгаа хүндхэн үед  ХХААЯ-наас 18 сая төгрөгийн бэлэн мөнгөн тусламж үзүүлж байгаа нь нүдээ олсон хэрэг боллоо гэж сумын Засаг дарга нар хэлж байв. ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй албаны хүмүүс  Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар суманд гарсан ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, хүнсний бүтээгдэхүүн болон мөнгөн тусламж үзүүлэхээр өнгөрсөн Мягмар гаригт Улаанбаатар хотоос хөдөлсөн юм.

Мөн хүнсний үйлдвэрүүдээс цагаан будаа, гоймон, овьёос, гурил, дөрвөн төрлийн малын эм бэлдмэл бүтээгдэхүүн өгсөн нь тэвдэж байх үед сэтгэлийн дэм болж буйг нутгийн иргэд хэлж байна.

Одоо түймрийн нөхцөл байдал салхинаас хамаарч байгаа юм.  Түймрийн  голомт бүхий  сумдад 25 метр секундийн салхитай байгаа тул   хэдий цурманд оруулсан ч хилийн  хэсгээр  ОХУ-ын  талд  түймэр  намжаагүй  ой  модондоо  асч байгаа тул  салхины  аясаар  байнга  орж  ирж  байна. Тиймээс  хилийн  зурвас  дээр галыг  намжаах  арга  хэмжээ  авч  байна.