Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Амиа алдсан охины эцэг БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шинжээчээр ажилладаг гэв

Г.Номин, iKon.mn
2015 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Төрсөн эцэг, хойд эхтэйгээ амьдардаг дөрвөн настай охин хэрцгийгээр зодуулж, БЗД-ийн эмнэлэгт тав хоногийн турш сэхээнд байж байгаад энэ сарын 17-нд нас барсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа билээ.

Олныг сэртхийлгэсэн энэ хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

"Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр уг  хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Охины төрсөн эцэг болон хойд эхийг хэрэгт сэжигтнээр татаж, цагдан хориод байна.

Мөн амиа алдсан охины үхлийн шалтгааныг тогтоолгохоор цогцсыг нь Шүүх шинжилгээний хүрээлэнд хүлээлгэж өгсөн бөгөөд эхнээсээ дүгнэлтүүд гарч байгаа.

Хэрэг прокурорын байгууллагын хяналтан дор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаалт явагдаж байна. Мөрдөн байцаах ажил дөнгөж эхэлж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.Явцын дунд цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээллүүдийг өгнө” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 2014 онд хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 18 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг хаалганы цаана болж байдаг асуудал. Үүнд манайхан айл гэрийн амьдрал бидэнд хамаагүй гэсэн байдлаар ханддагаас болоод хүүхдийн эрх зөрчигдөх цаашлаад эрүүл мэнд, амь насаа алдах явдал сүүлийн жилүүдэд  өсч байгаа ажээ.

Насанд хүрээгүй хүүхдийн эрх зөрчигдөж, хохирч байгааг мэдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, иргэнийхээ үүргийг биелүүлж  байхыг ЦЕГ-аас удаа дараа анхааруулж байгаа билээ.


Хэргийн талаар Хүүхдийн Төлөө Үндэсний газраас тодруулахад "Охины аав Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс буюу одоо хэрэг нь шалгагдаж байгаа газарт шинжээчээр ажилладаг байсан гэсэн мэдээлэл байгаа.

Мэдээллийн баттай эсэхийг тодруулахаар манайхаас ажлын хэсэг гарсан. Одоо Баянзүрх дүүрэгт ажиллаж байна. Үдээс хойш дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэлээ.