Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн байгууллагууд Land 200, Lexus 570 автомашин хэрэглэхгүй

Өглөөний сонин
2015 оны 2 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг

Сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нартай уулзаж, үүрэг даалгавар өгсөн.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу төрийн өмчит 757 байгууллагад автомашины ашиглалтын талаар судалгаа хийжээ. Эдгээр байгууллагуудад 5,058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жип машин байжээ.

Судалгаанд хамрагдсан байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3,889 литр шатахуун зарцуулж байгаа нь хот доторх үйлчилгээнд 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун хэрэглэдэг суудлын автомашин ашиглахыг хориглосон Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгааг Төрийн өмчийн хорооны дарга дурджээ.

2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэглэлийн зардалд 5 тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан байгааг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од Ерөнхий сайдад мэдээлсэн юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооны даргад үүрэг болгов.

Мөн Үндэсний аудитын газраас гаргасан зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэх 222 автомашины судалгааг гарган, “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг бэлтгэн гуравдугаар сарын 17-ны Засгийн газрын хуралдаанд оруулахыг даалгажээ.

Зураг