Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

20,000 тонн улаанбуудайн зөвшөөрлийг хэвээр үлдээлээ

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2015 оны 1 сарын 28
www.ikon.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайдтай энэ сарын 19-ний өдөр ХХААЯ, тариаланчид болон гурил үйлдвэрлэгчид, талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн төлөөлөл уулзсан.

Тус уулзалтаас тариаланчдын агуулахуудад хадгалагдаж байгаа 40 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа 31.5 мянган тонн улаанбуудайн тоо хэмжээ, чанарт хяналт шалгалт хийх үүрэг өгсөн юм.

40 мянган тонн улаанбуудай хаана байгаа нь тодорхойгүй байгаа.

Үүний дагуу ХХААЯ, МХЕГ, тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбоодын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, ТЭДС-гийн зургаан байршилд хадгалагдаж байгаа 31.5 мянган тонн улаанбуудайнд хяналт шалгалтыг хийв.

Шалгалтын дүнгээр ТЭДС-гийн байршлууд дээрх улаанбуудайн 84 хувь нь стандартын шаардлага хангаж, үлдсэн 16 хувь нь шаардлага хангахгүй байна гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна.

Харин тариаланчдын агуулахуудад хадгалагдаж байгаа 40 мянган тонн улаанбуудай хаана байгаа нь тодорхойгүй байгаа ажээ. Энэхүү 40 улаанбуудайг Үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооноос одоо хүртэл борлогдоогүй байгаа хэмээн өргөх бичиг ХХААЯ-д хүргүүлсэн юм.

ХХААЯ-наас энэ сарын 19-ний өдөр албан тоотоор тус холбоонд 40 мянган тонн улаанбуудайн байршлыг тодорхой ирүүлэхийг боловч өнөөдрийн байдлаар ямар ч хариу ирүүлээгүй бөгөөд энэ хаана хадгалагдаж байгаа нь тодорхой бус, ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.

Иймд ХХААЯ-ны зүгээс 20 мянган тонн улаанбуудайн зөвшөөрлийг цуцлах үндэслэл байхгүй хэмээн үзэж, цаашид тооноос чанарт шилжих тэр зарчим баримтлан, стандартын шаардлага хангасан улаанбуудайг биржээр дамжуулан хүлээн авч урамшуулал олгох асуудлыг боловсронгуй болгох хэрэгтэй гэж шийдвэрлэв.