Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэг ахмад настан цаанаа 4-5 ам бүл тэжээж байгаа"

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монголын ахмадын холбоо, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн ахмадын холбоотой хамтран мэдээлэл хийж тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “2012 оноос хойш үнийн өсөлт эрчимтэй явагдаж байна. Талх л гэхэд 700 орчим төгрөгөөс 1100 төгрөг болтол өсөөд байна.
Ахмадуудын худалдан авах чадвар өдөр ирэх тутам буурч байгаа. 

Төрийн албан хаагчид цалинг 60 хувиар нэмэх шаардлага тавьсан. Бид тийм өндөр шаардлага тавихгүй. Эхний ээлжинд тэтгэврийн доод хэмжээг 250-300 мянган төгрөг болгож өгөөчээ гэж хүсэж байна” гэлээ.

Манай улсад 218 мянган тэтгэвэр авдаг ахмад байдаг. Тэдний 60 орчим хувь нь тэтгэвэрийн доод хэмжээ буюу 207 мянган төгрөг авдаг бол дөнгөж гурав орчим хувь нь 700-900 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг юм байна.

Сэлэнгэ аймгийн ахмадын холбооны дарга Р.Ганхуяг “Манай улсын эдийн засгийн байдал хүндхэн, хямралтай байгааг бид ойлгож байна.Гэхдээ манай ахмад настнууд үнэхээр хүнд байдалд байгаа учир ярьж хэлэхээс аргагүй боллоо.

Одоогоор тэтгэврийн доод хэмжээ 207 мянган төгрөг байгаа. Энэ нь ахмадуудын амьдралд хаанаа ч хүрэхгүй байна. 

Нэг ахмад настан цаанаа 4-5 ам бүл тэжээж байгаа. Учир нь залууст ажлын байр олдохгүй байна шүү дээ” хэмээн ярилаа.

Ахмадуудын зүгээс 2012 оноос хойш тэтгэврийг дорвитой нэмээгүй. 2013 онд 20 мянган төгрөгөөр нэмсэн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хажууд юу ч болохгүй байгааг хэлж байгаа юм.