Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Усны салбарынхан цаашдын зорилтоо тодорхойлов

ikon.mn
2014 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

“Усны салбарын ололт амжилт, цаашдын зорилт” нэртэй хэлэлцүүлэг Төрийн ордны Иргэний танхимд болж, усны салбарын төр, хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоод, ахмадууд ажилтнууд оролцлоо.

Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрахын “Монгол Улсын усны аюулгүй байдал, дүн шинжилгээ, цаашдын зорилт” илтгэлд дурьдсанаар нийслэл, Архангай,  Говь-Алтай, Өмнөговь аймагт хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Түүнчлэн  усны аюулгүй байдлын талаар хууль, тогтоомж, бодлогын баримт бичигт хэрхэн туссанд үнэлгээ хийсний үндсэн дээр цаашид хийх өөрчлөлтийн саналаа ч бэлэн болгожээ.

Мөн тэрбээр Үндэсний хорооноос усны салбарт мөрдөгдөж буй хуулиудыг өөр өөр салбараас өргөн мэдүүлж байсан нь тухайн салбарын явцуу эрх ашигт хөтлөгдсөн, хоорондоо зөрчилтэй байгаа тул юун түрүүн  “Усны тухай” хууль болон “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулиудыг нэгтгэсэн төслийг УИХ-д хүргүүлэх шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогсдын анхааралд хүргэлээ. Дээрх хуулиудыг нэгтгэснээр усны салбарын удирдлагын нэгдсэн, тогтвортой бүтцийг бий болгоход түлхэц болох юм байна.  

Хэлэлцүүлэгт “Усны ашиглалтын барилга байгууламж, өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар “Монгол Ус” ТӨҮГ-ын захирал Ц.Сосорбарам тавьсан илтгэлдээ тодорхой баримт дурьдаж, цаашид хэрхэх талаар асуудал дэвшүүллээ. Услалтын системийн барилга байгууламжийн боомт, толгойн барилга байгууламж, талбайн эзэмшил өмчлөлийн асуудал хууль зөрчин хувьчилагдсан маш тодорхой болсон.

 

 

Услалтын системийг эзэмшигчид түүнийг сайжруулах талаар санаачлага гаргахгүй,  тоног, төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ хийдэггүй, услалтын системүүдийн барилга байгууламжууд 10-40 хувийн ашиглалттай  байгаад илтгэгч шүүмжлэлтэй хандаж байв. Ийм муу жишээний эзнээр Увс аймгийн Давст сумын Торхилог, Килэнцэг, Өлгий сумын Сондуульт , Баян-Өлгий  аймгийн,  Алтай  сумын  Шаргуу, Баяннуур сумын Улаан цул,  Ховд аймгийн,  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хонгорын нурууны, Сант сумын Цагаан толгойн, Хөвсгөл аймгийн  услалтын системүүд нэрлэгдэж байв. 

Дөргөний УЦС-ийн загас өнгөрүүлэх байгууламж эвдэрсэнээс ашиглагдахгүй,  загасны популяцийн орчинг бүрдүүлэх боломжгүй болсон. 

Түүнчлэн Усан цахилгаан станцуудын хувьд ч ч ашиглалт, хамгаалалт хангалтгүй байгаа бөгөөд тухайлбал,  Дөргөний УЦС-ийн загас өнгөрүүлэх байгууламж эвдэрсэнээс ашиглагдахгүй,  загасны популяцийн орчинг бүрдүүлэх боломжгүй болсон.

Ашиглалтын зардал тусгагддаггүй, мэргэжлийн засвар үйлчилгээ огт хийдэггүй, ашиглалтын асуудлыг 4-6 кипавтоматикийн инженер хариуцдаг юм байна. Ер нь УЦС-уудад дэлхийн жишгээр 30 м-ээс өндөр боомт загас өнгөрүүлэх  байнгын ажиллагаатай байгууламжтай байдаг ч  орон нутгийн буруу шаардлагаар хэдхэн хоног ажиллуулж байгаад зогсоосон, эрчим хүчний байгууллагын харъяанд байгаагаас боомтын суулт, шилжилт, шүүрэлтийн хэмжээг байнга хянаж байх мониторинг хийгддэггүй, зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх талыг 4-5 жил хэт барьсанаас цаашид ашиглалтын найдвартай ажиллагаа хангагдахгүй байдалтай байна.

Энэ байдлыг засахын тулд цаашид  “Усны тухай” эцэг хуульд “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийг нэгтгэх, усны засаглалын институцийг бий болгох, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн хүрээнд усны нөөц ашигласны төлбөрийн 55 хувь хүртэлх хэмжээнээс ус, усан орчны зохистой ашиглалт, хамгаалалт, арвижуулах, нөхөн сэргээхэд зарцуулах санхүүжилтийн  байнгын эх үүсвэрийг бий болгон, тусгай сан байгуулах ажлыг хуульчлан тогтоох ажлыг ирэх онд яаралтай хийх нь зүйтэйг санал болголоо.  

 

 

 

БОНХЯ-ны буюу Монгол төрийн усны бодлогын эрхэм зорилго нь хүний хэрэгцээ, аюулгүй орчин хангагдах явдал юм гэдгийг БОНХЯ-ны Мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэм илтгэлдээ дурьдаад энэ чиглэлээр тавьсан зорилт, хэрэгжилтийн талаар мэдээллээ.

Тухайлбал, өнгөрсөн 2 жилд БОНХЯ хот суурин, аймаг, сумын ус хангамжийн эх үүсвэрийг тогтоох ажлыг зохион байгуулах, усны нөөцийн хайгуул судалгааны ажлын тогтоосон нөөцийг  баталгаажуулах, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, ус хуримтлуулах бодлогын хэрэгжилт, усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах ажлыг зохион байгуулах, усны ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, дүгнэлт гаргах, төлөвлөх, гадаргын болон газрын доорхи усны хяналт шинжилгээний сүлжээг төлөвлөх, үйл ажиллагааг зохион байгуулах, усны бохирдол, төлөв байдалд  үнэлгээ өгөх, бууруулах, улсын усны мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хөтлөх чиглэлд анхаарч ажиллажээ.

Түүнчлэн усны нөөцийн менежментийг  Сав газрын бүтэц, зохион байгуулалтаар хийж, 29 захиргааг байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулсан байна.  Үндэсний хэмжээний болон сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлж байна. 

 

БОНХЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга А.Оюунсувд тавьсан илтгэлдээ “Улсын төсвийн хөрөнгөөр тогтоосон усны  ордыг ашиглуулах талаар Усны тухай хуульд заасны дагуу Нөхөн  төлбөрийн журам боловсруулж Засгийн газрын 2014 оны 012 тоот тогтоолоор батлуулснаас  хойш өнөөдрийн байдлаар 8 аж ахуйн нэгжид  нөхөн  төлбөр тооцож,  нийт 3 тэрбум 768 сая  төгрөгийн нөхөн  төлбөрийн гэрээ байгуулсан.

Түүнчлэн журмыг хэрэгжүүлэх хүрээнд  1976 оноос хойш хийсэн хайгуулын үр дүнгийн  тайланг геологийн фондоос  хуулбарлан авч, газар зүйн мэдээллийн системд шилжүүлэн, газар зүйн зурагт буулган байр зүйн зураг хийсэн” тухай дурьдлаа. Ундны усны эх үүсвэрийг хамгаалах чиглэлээр хуульд заасны дагуу унд ахуйн усан хангамжийн зориулалтаар нөөц нь тогтоогдсон газрын доорхи усны ордын тэжээлийн гадаад, дотоод  мужийг тогтоон газар зүйн зурагт буулгаж, тэжээлийн мужийн зураг болон  солбицол, хамгаалалтын бүс тогтоох зөвлөмжийг  19 аймаг,  82 сумын Засаг даргад  хүргүүлсэн байна. Усны нөөцийг хамгаалах нөхөн  сэргээх арга хэмжээний хөв цөөрмийн  6 зураг, 13 хөв цөөрмийн ажлыг Байгаль хамгаалах сангийн болон төвлөрсөн арга хэмжээний зардлаар гүйцэтгэжээ.

Орхон голын урсацад  тохируулаг хийх усан сан байгуулах ажлын ТЭЗҮ, Хэрлэн голын урсацыг шилжүүлэх ТЭЗҮийн урьдчилсан судалгаа, Туул голын урсацад тохируулга хийх ажлын концесс олгох бичиг баримт боловсруулах ажлыг хийж дууссан байна.

Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дах заалтыг дагуу “Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам”-ыг БОНХ-ийн 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлуулж, бүх ашиглагч нарын усны эх үүсвэрийг тоолууржуулах, газрын гүний ус ашигладаг томоохон ус ашиглагч байгууллагын усны нөөцөд хяналт шинжилгээ хийх ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

Засгийн газраас баталсан шинэ журмаар усны үнэ тарифыг нэмэгдүүлж, ашигласан усаа  хаягдлын усан санд хуримтлуулан цэвэрлэж дахин ашиглаж байгаа ус ашиглагчдын  төлбөрийг хөнгөлөх эдийн засгийн урамшууллын нөхцлийг бүрдүүлснээр жилд дунджаар 73 сая тонн ус хэмнэсэн нь  усны нөөцийг хамгаалах чухал ажил болсон байна.  Энэ бүхэн илтгэгч А.Сувдын илтгэлээс иш татсан жишээ бөгөөд 2015 онд хийх ажлаа тэрбээр Усны тухай хуулийн зүйл, заалтын хүрээнд ийн томьёоллоо. Үүнд:   

  • Гадаргын болон газрын доорхи уснаас ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг  усны сав газар бүрээр тогтоон батлуулна.
  • Улсын усны  менежементийн  төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодлого боловсруулна.

  • Усны барилга байгууламжийг ашиглах, эзэмшихтэй холбоотой журмыг  Эрчим хүч, Барилгын асуудал хариуцсан яамдтай  хамтран боловсруулж батлуулна.

  • Рашааны хязгаарлалтын бүсийг тогтоох ажлыг хийнэ.

  • Нийслэлийн усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээлийн мужийн хилийн зургийг боловсруулан  хилийн заагийн  солбицолыг батлуулна.

  • Гол мөрний эх болон, газрын доорхи усгны цэнгэг усны ордуудыг улсын болон орон нутгийн хамгаалалтанд авах талаар санал боловсруулж, шат шатны байгууллагад хүргүүлнэ. 

  • Усны салбарын мэргэжилтнүүдийн мэргэшсэн зэрэг олгох сургалтыг зохион байгуулж, зэрэг дэвийг шинэчлэнэ. 

  • Усны барилга байгуулмж, УЦС, Усан сангийн мэргэжилтэнүүдийгн мэргэжил дээшлүүлэх сургалтыг  Донор байгууллагуудын дэмжлэгтэй  зохион байгуулна

  • Эгийн голын  УЦС-н  техникийн зураг төсөлд дүгнэлт гаргана.

  • Туул усан сангийн  тендерийг зарлана. 

  • Цөмийн энергийн газар, “Мон Атом” ХХК- тай хамтран  зарим  ураны ордын Монголын талын хөрөнгийн  оролцоонд  усны нөөцийг үнэлж оруулна.

  •  Нүүрс  шингэрүүлэх үйлдвэрийн усан хангамжийн асуудлыг  шийдвэрлэх  боломжийн судалгаа, зөвлөмж боловсруулна.

  • Нийслэлийн дахин төлөвлөлтийн бүсүүдэд усны нөөцийн дүгнэлт, үерийн байгууламжийн шаардлага дүгнэлт гаргана зэргээр томьёолжээ.   


А.Оюунсувд илтгэлдээ “Хуурай сэрүүн уур амьсгалтай, усны нөөц хомс Монгол улсад хүн ардаа цэвэр усаар хангах нүсэр ажил Засгийн газрын хэд хэдэн яамны  дунд хуваагдан, нэгдсэн бодлого алдагдсанаас хөрөнгө буруу зарагдан, салбарын нэр хүнд унах шалтгаан болж байна” гэж дүгнэсэн нь “...Анхаарал татсан, эрх зүйн хүрээнд даруй шийдвэрлэх ёстой асуудал” хэмээн хэлэлцүүлэгт оролцогсод дэмжиж байв. 

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, УИХ-ын ХХБОБХ-ны дарга Г.Баярсайхан нарын албаны хүмүүс оролцсон “Усны салбарын ололт амжилт, цаашдын зорилт” хэлэлцүүлгээс холбогдох талуудад хандсан Зөвлөмж гаргахаар болсон байна.

Уг зөвлөмж нь хоорондоо уялдаагүй хуулиудыг нэгтгэх замаар усны менежментийн тогтолцоо болон санхүүжилтийн эх үүсвэрийг тогтвортой болгох чиглэлийн эрх зүйн орчинг даруй бий болгох, усны салбарын боловсон хүчнийг бэхжүүлэх, усны сав газрын захиргаадыг бэхжүүлэх,  захиргаадын  үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, усны мэргэжлийн байгууллагуудын уялдаа, нэгдмэл хамтын ажиллагааг сайжруулах, усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд өнгөрсөн “Усны түншлэл” ТББ-ын нэгдсэн удирдлага дор үйл ажиллагаагаа уялдуулах зэрэг олон асуудалд чиглэжээ.