Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Авто болон төмөр замд зэрлэг амьтдыг хамгаалах гарцыг төлөвлөнө

Ж.Отгонмягмар
2014 оны 11 сарын 19
Монголын мэдээ
 

Манай улс авто болон төмөр замын салбарт их бүтээн байгуулалт хийж байгаатай холбоотойгоор нүүдлийн зэрлэг амьтдыг хамгаалах гарцыг төлөвлөх шаардлага бий болсон байна. Учир нь авто зам өндөр далан барьж амьтдын бэлчээрийг хуваалцдаг, төмөр зам өргөст тор татаж, амьтдыг гэмтээж, улмаар амийг нь хөнөөсөөр байгаа билээ. Тиймээс нүүдлийн зэрлэг амьтдыг бэлчээрлэж байгаа газарт тэдэнд зориулсан байгууламжийг тусгайлсан загвар, байршлын тодорхой буюу оновчтой сонголтуудыг хийх хэрэгтэй байгаа аж. Тэгээд ч олон улсын байгууллагаас манай улсад энэ асуудалд анхаарлаа хандуулан ажиллахыг зөвлөсөн байна. 

Учир нь дэлхийн олон улсад хөгжлийнхөө шатанд буюу анх инженерийн төлөвлөлтөө хийж байхдаа уг арга хэмжээг харгалзаж үзээгүйгээс болж алдаа гарган, дахин төлөвлөлт хийж байсан гашуун туршлага байдаг гэнэ.

Анхнаасаа зэрлэг амьтдыг хамгаалах гарцыг төлөвлөөгүйгээс болоод бүгдийг эхнээс нь дахин төлөвлөлтөд оруулж маш их хэмжээний хөрөнгө зарж, байгууламжуудыг барьсан байдаг байна. Тиймээс манай улс авто болон төмөр замын салбарт их бүтээн байгуулалт хийж эхэлж байгаатай холбоотойгоор анхан шатныхаа төлөвлөлтөд энэхүү асуудлыг тусгаж, эрх зүйн баримт бичгийг гаргах зөвлөмжийг олон улсын байгууллагаас ирүүлсэн юм байна. 

Улс авто болон төмөр замын салбарт их бүтээн байгуулалт хийж байгаатай холбоотойгоор нүүдлийн зэрлэг амьтдыг хамгаалах гарцыг төлөвлөх шаардлага бий болсон.

Энэ ажлын хүрээнд өчигдөр “Нүүдлийн зэрлэг амьтдад учирч буй тээврийн дэд бүтэцийн сөрөг нөлөөг бууруулах боломж” сэдэвт семнарыг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт БОНХЯ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, ШУА-ийн Биологийн хүрээлэн, ЗТБХБЯ, Авто болон төмөр замын төлөвлөлтийн компа­ниуд гээд холбогдох бүхий л салбарын хүмүүсийг оролц­сон юм. 

Эдгээр албаны хүмүү­сээс санал, зөвлөмж авч үн­дэс­ний стандартад тусгах төлөв­лөгөөтэй тус семнарыг зохион байгуулсан гэдгийг албаныхан онцолж байлаа.

Семинарт “Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах олон улсын болон үндэсний бодлого” сэдвээр БОНХЯ-ны Ахлах мэргэжилтэн Ё.Онон, “Зэрлэг амьтдын нүүдэл ба учирч буй саад бэрхшээл” сэдвээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан Доктор Б.Лхагвасүрэн, “Нүүдлийн зэрлэг амьтдад тулгарч буй тээврийн дэд бүтэцийн сөрөг нөлөөг буруулах арга замууд” Байгаль, зэрлэг амьтдыг хам­гаа­лах нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Бай­галь хамгааллын судалгаа шин­жилгээний удирдагч Б.Бүүвэй­баатар, нар илтгэл тавьсан. 

 

Мөн “Монгол улсын авто зам болон төмөр замын төлөвлөлтөд но­гоон стандартыг бий бол­гох шаардлага, боломж” сэд­вээр ЗТБХБЯ-ны ахлах мэр­гэ­жилтэн Д.Гэрэлням, “Шинэ төмөр замын төсөлд бай­галь орчны асуудлыг олон улсын стандарт шаардлагын дагуу төлөвлөсөн нь” сэдвээр “Самсунг” ХХК-ийн шинэ төмөр замын төслийн захирал Ли Жонг Ёл, “Гол замын гүүр, хоолой, хиймэл байгууламж болон торон хашаа өнөөдрийн байдал” сэдвээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ын Замын аж ахуйн албаны ерөнхий инженер Б.Зоригтсайхан зэрэг тал талын төлөөлөл, салбар бүрийн онцлогыг харуулсан илтгэл тавьсан юм.

Нэг км өргөст торонд зориулж жилдээ 12 сая төгрөг зарцуулдаг гэнэ

Одоогийн байдлаар манай улсад зэрлэн ан амьтдыг хамгаалах ямар нэгэн эрх зүйн барим бичиг байхгүй гэнэ. Тиймээс уг асуудлыг улсын хэмжээнд авч үзэж, үндэсний стандартыг боловсруулахаар БОНХЯ, ЗТБХБЯ, СХЗГ зэрэг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдийг орол­цуул­сан ажлын хэсгийг гаргажээ. Тус ажлын хэсэг стандартынхаа анхан шатны хэлэлцүүлгийг өнөөдөр /өчигдөр/ ийнхүү хийсэн юм. Хурлын үеэр яригдаж байсан нэг гол асуудал нь төмөр замын өргөст торны асуудал байлаа. 

Зэрлэг амьтдыг хамгаалах гарцыг төлөвлөөд уг торыг авсанаар улсын эдийн засагт нэлээд их хэмнэлт гарах бололтой. 

Ер нь бол гэхэд  жилд нэг км замд татах торны өөрийнх нь үнэ, арчлалт засвар хийх ажлын, арчилгаа хийх ажилчдын цалин зэрэг төлбөрүүд нийлээд нэг талдаа зургаан сая, хоёр талдаа бол 12 сая төгрөг төлөвлөгддөг юм байна. Тиймээс зэрлэг амьтдыг хамгаалах гарцыг төлөвлөөд уг торыг авсанаар улсын эдийн засагт нэлээд их хэмнэлт гарах бололтой. Тэгээд ч энэ нь зэрлэг ан амьтдын хувьд ээлтэй ажил болох аж. 

Тиймээс энэхүү торыг авах талаар судалгаа хийгдэж байгаа юм байна. Үүнийг ШУА-ийн  Боиологийн хүрээлэнтэй хамтраад хаагуур ямар амьтад гардаг гэх байршлыг зөв оновчтой тодорхойлж, аль хэсэгт өргөст торыг авч болох зэрэг судалгаа хийж үзжээ. Судалгааны хүрээнд торыг авсаны дараа, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ямар арга ажиллагаа явах эсэх талаар заавар зөвлөмжүүдийг үндэсний стандартад оруулж байгаа юм байна.

Б.Лхагвасүрэн: Зэрлэг амьтдад хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй саад их байна

/ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан Доктор/

-“Зэрлэг амьтдын нүүдлийн замд олон зүйл саад, бэрхшээл болж байгаа.

Төмөр замын торонд цагаан зээр, хулан мэтийн нүүдэлдэг зэрлэг амьтдад саад болдог.

Мэдээж зэрлэг амьтад өөрсдийнхөө амьдарлын хэв маяг, мөчлөг, цаг уурын өөрчлөлтөөс хамаарч тал тал тийшээ нүүдэллэн бэлчээр, ус сайтай газарт нүүх шаардлага байдаг. Ийнхүү нүүж байхдаа голдуу хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй саад, бэрхшээлтэй их тулгардаг. 

Тухайлбал, төмөр замын өргөст тор, засмал зам, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам гээд олон хүчин зүйл байна. Хүчдэлийн шугамд гэхэд нүүдлийн шувууд маш их хэмжээгээр хохирдог, төмөр замын торонд цагаан зээр, хулан мэтийн нүүдэлдэг зэрлэг амьтдад саад болдог. Үүнийг манай Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд олон жилийн судалгааны үр дүнд баталсан байгаа.

 

Ш.Тэгшээ: Үндэсний стандартаа яаралтай батлах хэрэгтэй байна

/Монголын барилга байгууламжын зөвлөхүүдийн группын Ерөнхий инженер/

-“Өнөөдөр энэхүү семинарыг зохион байгуулж байгаа нь цагаа олсон зөв ажил болж байна. Учир нь авто болон төмөр замын сүлжээ сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдэж байгаа.

Гэтэл манайд мал, амьтдыг зам хөндлөн гаргах зориулалтын нүхэн гарц байхгүй байна. Одоогийн байдлаар замуудад шийдэж өгсөн нүхэн гарц нь үерийн болоод хур борооны ус нэвтрүүлэх зориулалтаар хийгдсэн байдаг. Тиймээс зэрлэг амьтдыг хамгаалах гарцыг нэн яаралтай хийх хэрэгтэй байна. 

 100 км яваад нэг км орчимд шороон замаар явах нь тийм их  асуудал биш  гэж бодож байгаа. 

Тэгээд ч манай улс олон улсын нүүдлийн зэрлэг амьтдыг хамгаалах гарцаар нэвтрүүлэх конвенцид нэгдсэн байдаг юм билээ. Тиймээс үүний хүрээнд ч тэр амьтдыг авто болон төмөр замаар аюулгүй нэтрүүлэх үүрэгтэй гэсэн үг. Энэ хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангаас манай улсыг үндэсний стандартыг батлах буюу энэ талын бичиг баримтыг батлах зөвлөмж хүргүүлсэн байна. Миний хувьд энэ ажлыг маш зөв зүйтэй гэж харж байна. Уг нь энэ ажил сүүлийн нэлээн олон жил яригдаж байгаа. 

Одоо ч биелэлээ олох гэж байх шиг байна. Хэдийгээр амьтдад зориулсан гарцыг хийе гэсэн ч батлагдсан албан ёсны стандарт нь байгаагүй.

Хэрэв стандарттай болчихвол аюулгүйн гарц хийх ажил шат дараатай хийгдээд явах болно. Энэхүү ажилтай холбоотойгоор би “Зэрлэг ан амьтдыг авто болон төмөр замаар хэрхэн нэвтрүүлэх вэ” гэсэн илтгэл бичсэн. 

Ер нь нүүдлийн ан амьтдыг аюулгүй гаргах гарцын хувьд эхлээд амьтдын шилжилт хөдөлгөөн хийдэг цэгийг олох шаардлагатай. Тэгэхгүй бол уг аюулгүйн гарц маш өртөг өндөртэй байдаг. Тодруулбал, нэг метр нь 50-100 мянган ам.доллар болдог юм. Гэтэл манай улсын зэрлэг ан амьтад хэдэн зуу, мянгаараа сүрэглэн явдаг гээд бодохоор буруу газарт том хэмжээний  нүхэн гарц хийвэл маш их хэмжээний санхүүгийн хохирол үүсэх болно гэдэг нь ойлгомжтой. Тиймээс замтай огтолцох маш зөв цэгийг олох судалгааг сайтар хийх хэрэгтэй. 

Миний зүгээс гарцын талаар гурван хувилбар дэвшүүлсэн. Тодруулбал, ту­хайн зам дээгүүрээ аюулгүй гаргах боломж, доогоор нь нүхэн гарцаар гаргах, 100 км тутамд нэг км орчим хэсэгт газрыг байгалиар нь үлдээж, амьтдыг нэвтрүүлдэг байх гэсэн саналуудыг дэвшүүлсэн.

Миний бодлоор 100 км яваад нэг км орчимд шороон замаар явах нь тийм их  асуудал биш  гэж бодож байгаа. Ер нь энэ талын  олон улсын маш олон туршлага байна. Тиймээс маш яаралтай инженерийн зөв шийдлийг олж үндэсний стандартаа нэн яаралтай батлах хэрэгтэй.

Зураг