Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Цоохор ирвэс хамгаалах зорилгоор 40 ширхэг зургийн аппарат байрлуулжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2014 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол оронд төдийгүй дэлхийд цөөн тоотой үлдсэн цоохор ирвэсийг цаг алдалгүй хамгаалах шаардлагатай байгаа талаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, биологийн ухааны доктор, Монголын ирвэс хамгаалах сангийн тэргүүн Б.Мөнхцог мэдээлэл хийлээ. 

Цоохор ирвэс нь манай улсын болон Төв азийн 11 улсын улаан номонд орсон амьтан юм. Монгол Улс нь цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт буюу БНХАУ-ын дараа ордог байна. 

Энэхүү нууцлаг амьтан нь онгон зэлүүд, хүнд бэрх цаг агаартай газар нутагшдаг. Монгол орны говийн элсэн цөл болон Алтайн уулархаг бүсэд 1000 орчим бий гэсэн судалгаа байдаг аж. 

Харин дэлхийд баруун зүг рүү Афганистан, зүүн тийш Хятад, хойшоо ОХУ, өмнө зүгт Энэтхэг гэсэн 12 орны нутагт дэвсгэрийг хамарсан талбайд 3900-6400 тоо толгой байдаг гэх судалгааг олон улсын байгууллаас гаргажээ.  

Цоохор ирвэс нь идэш тэжээлийн суваргын оройд байрладаг, уулархаг нутгийн экосистемийн нөхцөл байдлыг тодорхойлогч индикатор зүйл юм. 

Тухайн нутаг дахь биологийн төрөл зүйл, популяцийн бүтэц, тоо хэвийн байвал тэнд цоохор ирвэсний амьдрах орчин хэвийн, идэш тэжээл хангалттай, өсөн үржих нөхцөл сайн гэж үздэг байна. 

Цоохор ирвэсийн идэш болдог туруутан амьтад түүний нөлөөн дор давхар судлагдан, хамгаалагдаж байдаг ач холбогдолтой. 

Суналзсан гоолиг биетэй энэхүү амьтан монгол орны унаган байгалийн билэг тэмдэг болж, гадаадад таниулах, жуулчид, эрдэмтдийг татах нэгэн зүйл болдог. 

Гэвч цоохор ирвэс ховордох аюулд өртөөд байна. 

  • Малын бэлчээр усаар шахагдаж, идэш болох амьтад нь дайжсанаар тоо толгой нь цөөрөх 
  • Гоёмсог арьсыг нь авах, худалдах зорилгоор хууль бусаар агнах
  • Идэш болох амьтдыг хууль бусаар агнах
  • Хүний үйл ажиллагааны нөлөөгөөр амьдрах орчин хомсдох зэргээс болж 1000 хүрэхтэй үгүйтэй тоологдсон энэ амьтаны тоо толгой цөөрөх, устах аюулд ойрхон байгаа аж. 

Суналзсан гоолиг биетэй энэхүү амьтан монгол орны унаган байгалийн билэг тэмдэг болж, гадаадад таниулах, жуулчид, эрдэмтдийг татах нэгэн зүйл болдог.

Цоохор ирвэсийг хамгаалах чиглэлээр БОНХЯ, Дэлхийн байгаль хамгаалах сан /ДБХС/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Монголын ирвэс төв, Ирвэс хамгаалах сан зэрэг байгууллагууд нутгийн захиргаа, байгаль хамгаалах нөхөрлөлүүдтэй хамтран 1993 оноос өнөөг хүртэл ажиллаж иржээ. 

Хамгийн сүүлд гэхэд ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болох Ховд аймгийн Хар Ус нуурын байгалын цогцолборт газрын Жаргалант ууланд 40 гаруй автомат зургийн аппарат байрлуулжээ. Ингэснээр ирвэсний байршил, тоо толгойг хянах боломжтой болсон байна. Мөн нэг цоохор ирвэсийг хүзүүвчлэн судалгааны ажил хийж байгаа аж.