Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улс Антрактидийн нөөцийг ашиглах, судлах ажиллагаанд оролцох бүрэн эрхтэй болно"

ikon.mn
2014 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын иргэн Х.Пүрэвдагва Антрактид тив дэх Болгарын олон улсын судалгааны төвд “Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр” судалгаа хийхээр энэ сарын 13-нд явна. 

Х.Пүрэвдагвыг БОНХ-ийн Сайд С.Оюун хүлээн авч уулзаж, амжилт хүсээд яамныхаа тугийг гардуулж өглөө.



Энэ үеэр Цаг уур орчны шинжилгээний албаны дарга Д.Чулуунбат "Антрактидийн эргэн тойронд мөнх цаст уулнууд байдаг. Үүнийг цэвэр усны нөөцөд ашиглах боломжтой.

Антрактидийн зузаан мөсөн доор нефтнээс авахуулаад бүх нөөц хадгалагдаж байдаг.  Манай улс Антрактидийн Олон улсын гэрээнд нэгдэнэ. Гэрээнд нэгдсэн 49 орон байгаа. Энэ орнууд Антрактид тивийг хэрхэн ашиглах вэ гэдэг санал гаргах эрхтэй. Манай улс энэ гэрээнд нэгдэх гэж байгаа. Засгийн газраас энэ асуудал дэмжигдээд УИХ-ын байнгын хороогоор дэмжигдээд байгаа. Одоо УИХ баталвал манай улс  Олон улсын гэрээнд нэгдэнэ гэсэн үг. Энэ асуудлаар 2015 онд Болгарт хурал болно.

Энэ хурлаар Монгол Улсыг Олон улсын гэрээнд албан ёсоор бүртгэж авах ажиллагаа болно гэсэн мэдээллийг Антрактид судлаач Доктор, Профессор Л.Дүгэржав Болгараас ирүүлсэн байгаа.

Ингэснээр Монгол Улс Антрактидийг яаж ашиглах, судлах ажиллагаанд оролцох бүрэн эрхтэй болно.

Жуулчны онгоцнууд Антрактидэд очдог болсон. Энэ үеэр манай ажилтан Х.Пүрэвдагва Антрактидэд очиж ажиллах болсон юм" хэмээн ярилаа.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn