Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

С.Хөдөлмөр: Байгаль орчны мэдээллийг нэг дороос авах боломжтой болсон

ikon.mn
2014 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд улсын мэдээллийн нэгдсэн сан нь 22 дэд сантай байхаар зааж, сангууд нь ямар мэдээ, мэдээлэлтэй байх, хэн бүрдүүлэх нь Засгийн газрын 2010 оны 85-р тогтоолоор батлагджээ. Энэ нь байгаль орчны мэдээллийг нэг цэгээс иргэдэд цаг алдалгүй, шуурхай хүргэх зорилготой.

Одоогоор газар, ашигт малтмал, ус, ой, хөрсний бохирдол, уур амьсгал зэрэг  мэдээллийн 17 санд мэдээлэл  бүрдүүлээд байна. Энэ талаар Байгаль орчны мэдээллийн төвийн захирал С.Хөдөлмөрөөс зарим зүйлийг тодрууллаа. 

-Мэдээллийн 17 дэд санд хэчнээн мэдээ, мэдээлэл байгаа вэ?

-60 гаруй мэдээллийн мега өгөгдөл, сэдэвчилсэн зураг 70, улсын болон орон нутгийн хамгаалалтад авсан тусгай хамгаалалттай газар нутгийн 1697 мэдээ, байгаль орчны төлөв байдал, нөөцийн статистик, тайлан мэдээ 300 гаруй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний 4000 гаруй тайлан, ерөнхий үнэлгээний 2800 дүгнэлт, эвдэрсэн газрын 1950 зураг, химийн хортой болон аюултай бодисын лавлах 1300, 990 гаруй тусгай зөвшөөрлийн мэдээ гээд нийтдээ 2600 гаруй төрлийн мэдээ, мэдээлэл бий. 

-Байгаль орчны мэдээллийн сангийн мэдээллийг хэзээнээс бүрдүүлж эхэлсэн бэ. Байгаль орчны мэдээллийг нэг дороос авч болох талаар өмнө нь мэддэггүй байж?

-2010 оноос эхлэн мэдээллийн дэд сангуудыг байгуулж, үйлчилгээнд оруулах ажлыг хэрэгжүүлж байна. 2014 оныг БОНХ-ийн Сайдын тушаалаар Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил болгон зарласан.

Үүний дараа тушаал гаргаж, Байгаль орчны мэдээллийн сангийн үйл ажиллагааг удирдан зохицуулах үүрэг бүхий Удирдах зөвлөлийг БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулсан.

Мөн 22 дэд сан байгуулсан ч доторх мэдээллүүд нь хангалттай бус байгаа тул С.Оюун сайд Байгаль орчны мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл төвлөрүүлэх тухай албан даалгавар гаргаж, мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллагын удирдлагуудад хүргүүлсэн байгаа.

-Иргэд хэзээ байгаль орчны мэдээллийн 22 дэд сангаас мэдээлэл авах боломжтой болох вэ?

-Тодорхой заасан хугацаа байхгүй. Одоогоор байгаль орчны мэдээллийн 17 дэд сан ажиллаж байна. 2010 оноос хойш жил бүр 2-5 мэдээллийн сан бий болгосон. Хэдийгээр 22 сан гэж байгаа боловч ангилвал 2000 гаруй төрлийн мэдээлэл бий.

Энэ их хэмжээний мэдээллийг богино хугацаанд цуглуулж, нэгтгэх тийм ч амар биш. Нөгөөтэйгүүр цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө шаардсан ажил. 

-Одоо ямар ямар сан үлдэв?

-Санхүү төсөв, байгаль орчинтой холбоотой гэмт хэрэг, нөхөн төлбөр, амьтан, ургамлын талаарх мэдээллийн сан байгуулах дутуу байгаа. 

-Мэдээллийн сангийн мэдээллийг бүрдүүлэхэд юу саад болоод байна вэ?

-Хөрөнгө мөнгөний асуудлаас гадна байгаль орчны мэдээллийн санд олон байгууллага мэдээллээ өгдөг. Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, яамны харьяа байгууллага гээд ойролцоогоор 10 гаруй байгууллагын мэдээлэл бий. Эдгээрээс мэдээллийг нь цуглуулах, мэдээллийн нэгдмэл байдлыг хангах асуудал нэлээд хүндрэлтэй байдаг. 

-Мэдээлэл хүргүүлэх үүрэг бүхий ямар ямар байгууллага байдаг вэ? 

-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А-81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтад мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллагуудыг зааж өгсөн.

Ус, рашаан, ой, байгалийн ургамал, амьтан, агаар түүний бохирдол химийн хорт болон аюултай бодис, хог хаягдал, тусгай хамгаалалттай газар нутагтай холбоотой мэдээллийг жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор өгөх хуулийн хугацаатай.  

Тухайлбал, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Газрын харилцаа геодези зураг зүйн газар, Ашигт малтмалын газар, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Байгаль орчны мэдээллийн төв Аймаг, нийслэлийн засаг дарга, Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн багтдаг.

Тус байгууллагууд өөрийн байгууллагад хамаарах мэдээллийг бүрэн бүрдүүлж, Байгаль орчны мэдээллийн нэгдсэн сан (www.eic.mn )- дцахим хэлбэрээр төвлөрүүлэх үүрэг хүлээнэ. 

-Дээрх мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллагууд мэдээллээ ямар хугацаанд өгөх ёстой вэ? 

-Засгийн газрын 2010 оны 85-р тогтоолоор мэдээллийн сангууд ямар мэдээ, мэдээлэлтэй байх, хэн бүрдүүлэхийг хугацаатай нь баталсан байдаг. Тухайлбал, ус, рашаан, ой, байгалийн ургамал, амьтан, агаар түүний бохирдол химийн хорт болон аюултай бодис, хог хаягдал, тусгай хамгаалалттай газар нутагтай холбоотой мэдээллийг БОНХЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, Цаг уур орчны шинжилгээний газар, МХЕГ жил бүрийн 12-р сарын 20-ны дотор өгөх хуулийн хугацаатай.  

-www.eic.mnсайтын хандалт ямар байдаг бол? 

-Энэ оны эхний 9-р сарын байдлаар интернэтээр байгаль орчны мэдээллийн улсын сан руу 114204 удаа хандаж, 4,4 Тбайт мэдээг ашигласан байна.