Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Туул гол, газрын доорхи усны харилцан хамаарлыг тогтоохоор ажиллаж байна

ikon.mn
2014 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

БОНХЯ-ны усны нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Өнөржаргалтай  усны нөөцийг зөв тогтоох, ашиглалтын зохистой горим тогтоох ажлын явцын талаар ярилцлаа.

-Нийслэлийн усны нөөцийг дахин үнэлж, ашиглалтын зохистой горимыг тогтоох ажил хийгдэж байгаа гэсэн. Үр дүнг нь хэзээ мэдээлэх вэ?

-Улаанбаатар хотын төвлөрсөн ба төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрүүдэд ашиглагдаж байгаа газрын доорхи усны нөөцийг дахин үнэлж, ашиглалтын зохистой горимыг тогтоох ажил хийгдэж байна.

Энэ оны сүүлээр дуусах энэ ажлын хүрээнд нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрүүдийн газрын доорхи усны нөөцийн хүрэлцээ, бохирдлын хэмжээг тогтоохоос гадна цаашид анхаарч ажиллах бодлогоо гаргана.

Түүнчлэн Туул гол, газрын доорхи усны харилцан хамаарлыг тогтоохоор ажиллаж байна. Энэ ажлын үр дүнг ирэх 12-р сард БОНХЯ-ны усны нөөцийн зөвлөлөөр хэлэлцэнэ.

-Ер нь Улаанбаатар хотын усны нөөц хомсдож байна гэж ярьдаг. Бодит байдал дээр ямар байна вэ?

-Улаанбаатар хотод ус хангамжийн дөрвөн эх үүсвэр, дулааны 3, 4 дүгээр цахилгаан станцын техникийн усны эх үүсвэрүүд байрладаг. 1980 оны 6-р сард БНМАУ /хуучин нэрээр/, ЗХУ-ын хамтарсан ашигт малтмалын нөөцийн комиссын хамтарсан хуралдаанаар Улаанбаатарын усны нөөцийг 264.0 мянган шоо метр гэж тооцоолон баталгаажуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар нийслэлд хоногт 168000-216000 м3 ус хэрэглэж байна.

Газрын доорх усны нөөц батлагдсанаас хойш 30 гаруй жил өнгөрөхөд хотын хүн ам нэг сая 300 гаруйд хүрч, хотын бүтээн байгуулалт ид өрнөж, үйлдвэр, аж ахуйн байгууллага олноор төвлөрч байгаа нь энэхүү тогтоосон нөөцийг дахин тогтоох, шинэ эх үүсвэрүүдийг бий болгоход хүргэж байна.

-Орон сууцны барилга байгууламж, үйлдвэр, аж ахуйн газрууд олноор баригдан усны хэрэглээ нэмэгдэх тусам газар доорхи усны нөөц хуримтлагдах талбай багасах, усны нөөц хүрэлцэх эсэх нь эргэлзээтэй болж байна гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Туул голын савд газар доорхи усыг олборлодог хоёр дахь эх үүсвэр нь Туул-Тэрэлжийн бэлчрээс доош байрладаг. Дээд эх үүсвэр бөгөөд газрын доорхи усны олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор Японы JICA байгууллага нэмж 16 гүний худаг гаргасан юм.

Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрүүдэд Геоэкологийн хүрээлэнгээс хийсэн изотопын судалгаанаас үзвэл, Дээд эх үүсвэрт нэмж байгуулсан худгууд нь тэжээл муутай бүсэд гаргасан учраас газрын доорхи усны тэжээлийн гачиг үед олборлолт хийхэд усны түвшин буурч хоорондоо нөлөөлөлд орсон байгаа нь ажиглагдсан. Ялангуяа усны тэжээлийн гачиг үе болох 2,3-р саруудад усны түвшин огцом буурч насос хий сорох явдал ихэссэн.

 Туул голын хөндий дэх газрын доорхи усны нөөц багассан бус харин зөв зохистой хэрэглээ чухал асуудал болж байна.

Эндээс усны эх үүсвэрүүдэд олборлолт явуулах худгийн тоог нэмэгдүүлэх нь гол бус харин худгуудын байршлыг тогтоохдоо хоорондын нөлөөллийн зайг тооцож, ашиглахад оновчтой байх хувилбарыг сонгон, усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах нь чухал гэдэг нь харагдаж байна. Энэ үүднээс ус хангамжийн эх үүсвэрүүдэд усны нөөцийг зөв тогтоох, ашиглалтын зохистой горим тогтоохоор ажиллаж байна. Ер нь бол Туул голын хөндий дэх газрын доорхи усны нөөц багассан бус харин зөв зохистой хэрэглээ чухал асуудал болж байна.

-Нийслэлийн хэрэглээнд усны нөөцөө нэмэгдүүлэх шаардлага гарна. Тухайлбал томоохон усан сан барих ч юм уу?

-Энэ бол яах аргагүй тулгамдсан зүйл. Усны нөөцийг зориудаар нэмэгдүүлэх олон арга бий. Тухайлбал,

  • Ус хангамжийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг тогтоох
  • Гадаргын ус ашиглан боомт барьж газрын доорхи усыг зохиомлоор арвижуулах

Эдгээрээс аль тохиромжтой хувилбарыг нь сонгох шаардлагатай. БОНХЯ холбогдох яамтай хамтран “Туул усан сан барих” төслийн концесс олгох ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

-Хэрэглэгч олон болсноор нөөцөнд нөлөөлж байгаа гэсэн. Өөр ямар хүчин зүйлүүд усны нөөцөд сөргөөр нөлөөлж байна вэ?

-Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн газрууд өөрийн эзэмшлийн газартаа гүний худаг гарган үйлдвэрлэл, ахуйн усаа газар доорхи усны бүрэлдэж буй нөөцөөс хяналтгүйгээр авч ашигладаг болсон. Мөн зуслан, гэр хорооллын айл өрхүүд усны хэрэглээгээ өөрсдийн гүний худагнаас авч байгаа нь газар доорхи усны нөөцөд сөргөөр нөлөөлж байна.

Нэг жишээ хэлэхэд, Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн гол эх үүсвэр болох Төв эх үүсвэрийн газар доорхи усны нөөц хуримтлагдах талбайд орон сууцны “Баянмонгол”, “Дүнжингарав”, “Маршал таун” гэх мэт орон сууцны барилгууд баригдсанаас 1-р өргөлтийн 43.44.45.36.50 дугаартай худгуудыг хааж, эх үүсвэрийн дотор шинээр орон сууцны хороолол байгуулсан байгаа нь газар доорхи усны түвшинд нөлөөлж, газрын доорхи усны шинж чанар өөрчлөгдөн, газар доорхи усны нөөц хуримтлагдах дотоод тэжээлийн мужийн талбай багассан.

-Цаашид олон олон хороолол баригдана. Баригдсан хойно нь бус өмнө нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүллэх талаас нь үнэлгээ, дүгнэлт хийх ёстой юм биш үү?

-БОНХЯ-наас газар доорхи усны эх үүсвэрийн нөөц, чанарт байгалийн болон хүний үйл ажиллагааны аливаа нөлөөллөөс үүсэх өөрчлөлтийг судлах, тэдгээрийг урьдчилан тогтоохтой холбогдсон судалгааны ажлыг хийж байна.

Мөн газрын доорхи усны хяналт шинжилгээний сүлжээг байгуулан ажиллаж байна. Энэхүү сүлжээ нь газрын доорхи усны нөөцөд үзүүлэх сөрөг үр дагавруудыг зогсоох, усны нөөцийг хомсдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, цаашид бодлого боловсруулах түвшинд хүргэх зорилготой юм. Улаанбаатар хотын ус хангамжийн болон техникийн усны эх үүсвэрүүдэд ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн газар доорхи усны мониторингийн 6 цэг байгуулан байнгын хэмжилт, хяналт хийж байгаа. 

Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрүүдэд хийж байгаа газрын доорх усны нөөцийг баталгаажуулах ажил, бохирдлыг тогтоох сэдэвчилсэн судалгаагаар Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрүүдийн газрын доорхи усны нөөцийг хянах боломж бүрдэнэ.

-Нөөцөөс гадна газрын доорх усны чанар, бохирдол нилээд анхаарал татсан асуудал болж байгаатай та санал нэгдэх үү?

-Тантай санал нэг байна. Хот орчмын газрын доорх усны бохирдол бол хурц асуудлын нэг. Үүнээс гарах хамгийн зөв гарц нь гэр хорооллыг барилгажуулах асуудлыг түргэвчлэх юм. Мөн Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрүүдийн газрын доорх усны ашиглалтын горимд мониторингийн сүлжээ байгуулан байнгын хяналт тавих, “Туул усан сан” цогцолборыг барих ажлыг түргэвчлэх, арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах, Төв цэвэрлэх байгууламжийг яаралтай шинэчлэн хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, барилгажилтын болон суурьшлын бүсүүдийг усны эх үүсвэрт олгохгүй байх зэрэг ажлуудыг ажил хэрэг болгох шаардлагатай