Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дагвадорж: Хүлэмжийн хийн тооллогыг олон улсад батлагдсан шинэ арга зүйгээр хийнэ

Ж.Отгонмягмар
2014 оны 10 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

"Хөдөө аж ахуй, ой, бусад газар ашиглалт газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбарын хүлэмжийн хийн тооллого” сэдэвт семинарыг өнгөрсөн даваа гарагт зохион байгууллаа.  Тус семинарын үеэр БОНХЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч Д.Дагвадоржтой ярилцлаа.

-Хүлэмжийн хийн асуудалд голлох үүрэг бүхий салбаруудад ямар салбар багтаж байгаа вэ?

-Уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн гол шалтгаан нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг. Тэр дундаа агаар мандалд хуримтлагдаж байгаа хүлэмжийн хийн асуудал юм. Хүлэмжийн хий тодорхой салбарууд буюу үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас болж агаар мандалд ялгардаг. Тухайлбал, эрчим хүч, үйлдвэр, хөдөө аж ахуй, газар ашиглалтын өөрчлөлт зэрэг олон салбараас хамаардаг.

Их хэмжээний хий ялгаруулж байгаа бол их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай.

Гэхдээ хөдөө аж ахуйн, ойн, газар ашиглалтын өөрчлөлтийн салбар маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь эдгээр салбар хүлэмжийн хийг агаар мандалд ялгаруулахаас гадна агаарт нэгэнт гарчихсан байгаа хийг буцааж шингээж авах чадвартай байдаг. Тиймээс эдгээр салбарын ялгаралтын хийг тодорхойлохоос гадна, буцаан шингээх шингээлтийг тооцох шаардлагатай.

-Хүлэмжийн хийн тооллого хийх гэж байгаа гэсэн. Ер нь хэдэн жил болоод уг тооллогыг хийдэг юм бэ?

-Олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцид манай улс нэгдэн орсон.

Тиймээс ч тодорхой хэмжээний үүрэг хариуцлага ногддог. Энэхүү хариуцлагын нэг гол үүрэг нь хүлэмжийн хийн тооллогыг тайлагнаж байх үүрэг юм.

Өмнө нь 4-5 жилийн хугацаанд тайлагнадаг байсан. Харин одоо хоёр жил тутамд гаргаж өгөх шинэ үүрэг ногдож байгаа. Тиймээс бид хүлэмжийн хийн тооллогод нэлээд анхаарал хандуулж нарийвчилсан үнэлгээг гаргах шаардлага тулгарч байна.

Манай улс өмнө нь 1990-2012 оны тооллогыг ерөнхийд нь гаргасан. Гэтэл уг тооллогод тодорхойгүй буюу нарийвчлах шаардлагатай зүйл олон бий.

Тухайлбал, ой, газар ашиглалтын өөрчлөлт, хөдөө аж ахуйн салбартай холбогдолтой салбаруудын мэдээлэл дутмаг байсан. Хүлэмжийн хийн тооллогыг улс орон болгон олон улсын байгууллагаас батлагдсан тодорхой нэг арга зүйгээр хийгээд дэлхий нийтэд танилцуулдаг. Улмаар дэлхий нийтийн агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хийг тооцоолдог.

Тиймээс бид тухайн батлагдсан арга зүйгээр тооллогоо хийх шаардлагатай гэсэн үг. Уг арга зүйг ашиглахын тулд дээр дурьдсан тодорхой бус байгаа салбаруудын мэдээллүүдийг нарийвчлан гаргах хэрэгтэй болоод байгаа.

Монгол орны ой нь хэдий хэмжээний хүлэмжийн хийг шингээх чадвартай. Хөрс нь хэр хэмжээний хүлэмжийн хийг ялгаруулах, шингээх чадвартай зэргийг нарийвчлан тооцоог нь гаргах шаардлагатай

Тиймээс ч бид “Хөдөө аж ахуй, ой, бусад газар ашиглалт газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбарын хүлэмжийн хийн тооллого” сэдэвт энэхүү семинарыг зохион байгуулж байна. Энэхүү семинарын нэг гол ач холбогдол нь олон улсын арга зүйг хэрхэн ашиглах, ашиглах хэмжээний мэдээлэл байгаа эсэх, статистик мэдээлэлд хэрхэн тусгах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

-Олон улсад батлагдсан арга зүйгээр хүлэмжийн хийн тооллого хийхэд шаардлагатай эдгээр нарийвчилсан мэдээллийг хэрхэн цуглуулах вэ?

-Олон улсад ашигладаг энэхүү арга зүйг ашиглахад бэрхшээлтэй байгаа асуудал бол нарийвчилсан үзүүлэлтийг улс орон бүр гаргах шаардлагатай болдог асуудал юм. Тухайлбал, Монгол орны ой нь хэдий хэмжээний хүлэмжийн хийг шингээх чадвартай. Хөрс нь хэр хэмжээний хүлэмжийн хийг ялгаруулах, шингээх чадвартай зэргийг нарийвчлан тооцоог нь гаргах шаардлагатай болоод байна. Тиймээс бидний зохион байгуулж байгаа энэхүү семинар эдгээр асуудлыг тодорхой хэмжээгээр хамаарч хэлэлцэж байгаа.

-Тэгвэл ойн тооллого хүлэмжийн хийн тооллого нэлээн чухал үүрэг гүйцэтгэх бололтой?

-Энэ жилийн ойн тооллого олон зорилтот тооллого юм. Тооллогоор ойтой холбоотой суурь үндсэн мэдээллийг цуглуулахаас гадна хүлэмжийн хийн тооллогод шаардлагатай мэдээллүүдийг нарийвчлан гаргах болно. Тиймээс үндэсний хүлэмжийн хийн ялгаралтын тооллогыг шинэ арга зүйгээр хийхэд энэхүү тооллого том хувь нэмэр болох юм.

-Хүлэмжийн хийн ялгаруулалтаараа манай улс дэлхийд хэдэд жагсч байна вэ?

-Хүлэмжийн хийн ялгаруулалтаараа нийт дэлхий нийтийн хэмжээнд өчүүхэн бага. Үйлдвэржилттэй уялддаг учир. Манай улс жилд 20 орчим сая тонн хүлэмжийн хийг агаар мандалд ялгаруулдаг. Хүлэмжийн хий нь дотроо олон янз байдаг. Тухайлбал, нүүрс хүчлийн давхар хий, митан хий, азотын дутуу эсэл гээд олон хий нэгдээд 20 орчим мянган тонн болж байгаа юм.

Манай улс жилд 20 орчим сая тонн хүлэмжийн хийг агаар мандалд ялгаруулдаг.

Харин үүнээс 60-70 хувийг нь эргүүлэн шингээж байна. Гэхдээ байгалийн тэнцвэрт байдлын хуулиар агаар мандалд гарсан хийг буцааж 100 хувь шингээж байж уур амьсгал тэнцвэртэй байх ёстой.

-Манай улсын нэг хүнд ногдох хүлэмжийн хийн хэмжээ бусад улс оронтой харьцуулахад хэр хэмжээнд байдаг юм бол?

-Манай улс хүлэмжийн хийн хэмжээ бага байгаа гээд орхиж болохгүй. Манай улсын хүлэмжийн хийн нийт хэмжээ нь бага ч гэсэн дотоодын нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оногдож байгаа хүлэмжийн хийн хэмжээ нь дэлхийн дунджаас нэлээн өндөр байгаа. Түүнчлэн нэг хүнд ноогдох хийн хэмжээ нь ч их байна. Энэ нь манай орны хүн амын тоо, эдийн засгийн бүтэц гээд олон зүйлээс хамаарна.

Гэхдээ үүний эцсийн дүгнэлт нь манай улсын үйлдвэрлэлийн үр ашиг маш муу байна гэсэн үг. Учир нь их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулаад бага бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгааг зогсоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, их хэмжээний хий ялгаруулж байгаа бол их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай байна.

Зураг