Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны 7-р хорооллын “Г” хэсгийг “Бээжин Юни констракшн” групптэй хамтран барина

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

“Бүтээн байгуулалтын цаг”-аар ТОСК мэдээлэл хийлээ.

“Буянт-Ухаа 1” хорооллын 1764 байранд 1534 иргэн гэрээ хийсэн. Квотоос байраа сонгоогүй 62 айл бий. Одоогийн байдлаар 140 айл түлхүүр хүлээн авснаас 52 нь амьдарч байна. Оршин суугчид энэ оны 11 дүгээр сард төвхнөж дуусах төлөвтэй гэж “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга хэллээ.

Үлдэгдэл 168 байр бий. Эдгээрийг бэлэн мөнгөөр шууд авах хүмүүст олгох юм байна. Ингэхдээ “Буянт-Ухаа” хорооллын байрны сугалаанд оролцсон байх шаардлага тавьж буй ажээ. 

“Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 48 барилгаас 22 нь энэ онд ашиглалтад орно, барилга угсралтын ажил нь 50 орчим хувьтай байна.

“Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Архангай, Увс, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод зэрэг аймагт барилгын ажил эхэлсэн, зарим орон сууцууд нь энэ онд ашиглалтад орно. 

Булган, Төв, Сүхбаатар, Завхан, Дорноговь, Говь-Алтай зэрэг аймгууд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулах түвшинд явж байна. Ирэх оны гуравдугаар сараас барилгын ажлыг эхлүүлэхээр зохион байгуулна.

БНХАУ-ын дарга Си Зиньпинийн төрийн айлчлалын хүрээнд ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга тус улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага ЭКСИМ банкны ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга Ли Роугутай Улаанбаатарын хотын Сүхбаатар дүүргийн “Орон сууцны 7-р хороолол” төслийн “Г” хэсгийг барих тухай зээлийн ерөнхий гэрээг байгуулсан. 

Энэ хэсгийг БНХАУ-ын барилгын томоохон компани болох “Бээжин Юни констракшн” групптэй хамтран бүтээн байгуулах юм гэлээ.