Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путин: Онгоцны сүйрэлд Украйн хариуцлага хүлээх ёстой

Б.Ууган, iKon.mn
2014 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт болсон Малайзийн  Боинг 777 онгоцны сүйрэлд Украйн хариуцлага хүлээх ёстой гэж Владимир Путин мэдэгджээ. “Нутаг дэвсгэр дээр нь осол болсон улс л энэ аймшигтай, эмгэнэлт явдлын хариуцлагыг хүлээх нь гарцаагүй” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эдийн засгийн асуудлаар хийсэн зөвлөгөөний үеэр мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр осолд орж амиа алдагсадын дурсгалыг хүндэтгэн зөвлөгөөнөө эхлүүлэхдээ нэг минут дуугаа хураахыг хүсчээ. 

“Хэрэв энэ газар энх тайван оршиж байсан бол, Украйны баруун урд хэсэгт дайны ажиллагаа дахин сэргээгүй байсан бол ийм эмгэнэлт явдал болохгүй байх байлаа” хэмээн тэрбээр өгүүлсэн байна. 

В.Путин: Нутаг дэвсгэр дээр нь осол болсон улс л энэ аймшигтай, эмгэнэлт явдлын хариуцлагыг хүлээх нь гарцаагүй.

Түүнчлэн Путин сүйрлийн бодит нөхцлийг тогтооход бүхий л боломжтой арга хэмжээ авахыг ОХУ-ын Засгийн газарт даалгажээ. “Ослын бодит нөхцөл байдал бүх нийтэд, Украйны олон нийт болон дэлхийн нийтэд ил болохын төлөө бид бүхий л боломжийг ашиглах ёстой. Энэ бол үнэхээр байж болшгүй зүйл, болсон үйл явдлын талаар бодит мэдээлэл гараагүй байхад дүгнэлт хийх эрх хэнд ч байхгүй” хэмээн Ерөнхийлөгч Путин мэдэгджээ. 

Тэрбээр “энэхүү гэмт хэргийг мөрдөн шалгахад шаардлагатай тусламж үзүүлэхийн тулд” ОХУ-ын цэргийн хэрэг эрхлэх газруудад зохих үүрэг өгчээ. Мөн Оросын засгийн газар, удирдлагын нэрийн өмнөөс амиа алдсан хүмүүсийн ар гэрт болон онгоцны зорчигчдын харъяалагдах улс орны засгийн газруудад эмгэнэл илэрхийлжээ. 

Энд дуулгахад Малайзийн онгоц осолдсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Онгоц осолдсон бүсэд дөрөвдүгээр сараас эхлэн Украйны хүчнийхэн Донбассын төрийн эргэлтийг эсэргүүцэгч иргэдийн эсрэг Алан хядах ажиллагааны эсрэг ажиллагаа явуулж байгаа юм. 

Шинжээчдийн үзэж байгаагаар Украйны армийн хэрэглэж байгаа цэргийн техник нь Зөвлөлтийн үеэс хэрэглэгдэж ирсэн бөгөөд цэргийн ажиллагааны үеэр энэхүү техникийг хэрэглэвэл 2001 онд Хар тэнгисийн дээгүүр нисэж явсан Оросын зорчигч тээврийн онгоцыг Украйны тал буудаж унагасан шиг үйл явдал давтагдахыг үгүйсгэх аргагүй гэнэ. 

Тухайн үед Украйны цэргийн анги нэгтгэл бэлтгэл хийх явцдаа С-200 комплексийн пуужингаар Тель-Авив Новосибирскийн чиглэлд нисэж явсан Оросын Ту-154 онгоцыг бууудаж унагасан юм. Энэ ослын улмаас 66 зорчигч, 12 багийн гишүүн амиа алдсан юм.

Түүнчлэн Донецкийн бүгд найрамдах улсын босогчдод 10 километрийн өндөрт яваа зорчигч тээврийн онгоцыг буудаж унагах чадалтай техник байхгүй гэж шинжээчид үзэж байна. 


Эх сурвалж: РИА новости