Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

ДАХИЖ БОНД ГАРГАХ УУ?!

Ч.Болортуяа
2014 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат

888 ТӨСӨЛ

"Чингис" бондоос өнөөдөр 1,4 их наяд төгрөг үлдээд байна. Үүнээс нэг их наяд нь төсөвлөгдсөн бөгөөд одоо нийт 400 тэрбум төгрөгийг ямар нэгэн төсөлд төсөвлөөгүй байна. 

Мөн "Самурай" бондын 400 орчим тэрбум төгрөг гээд Хөгжлийн банкинд одоо 800 тэрбум төгрөг ямар нэгэн төсөлд төсөвлөгдөөгүй байгаа юм. 

Гэхдээ энэ 800 тэрбумыг импортыг орлуулах, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрүүдэд зарцуулах тухай Ерөнхий сайд мэдэгдээд байгаа. 

Шалгарсан 888 төслийн сонгон шалгаруулалтын эрхийг арилжааны банкуудаар явуулах бодлогын шийдвэрт хүрээд байна. Учир нь 888 төслийн 260 нь гэхэд барилгын материал, 90 нь үнээний фирмийнх байгаа аж. Тиймээс арилжааны банкууд тухайн төслүүдийг эрсдлийг эдийн засгийн үндэслэлээр тооцоолон сонгон шалгаруулалт хийх болоод байна. Улмаар Хөгжлийн банк тухайн арилжааны банк руу санхүүжилтийг нь шилжүүлэхээр болоод байгаа билээ. 

Хэдийгээр манай улсын эдийн засаг сайнгүй байгаа, валютын урсгал саарсантай холбогдуулан дотоодын үйлдвэрлэлийг дэмжихээр ийнхүү үйлдвэрлэлийн төслүүдэд санхүүжилт хийхээр болоод байгаа ч энэ үйлдвэрүүдийн эдийн засгийн үр дүн дунд хугацаанд буюу 3-5 жилийн дараа гарах юм. 

Гэхдээ Засгийн газрын зүгээс үзүүлж буй ажлын байр хадгалах, бизнес эрхлэгчдийг дэмжих нэгэн алхмын нэг зайлшгүй болж байна. 

"Бонд гаргах асуудал нээлттэй. Манай улсын гаргасан бондыг худалдан авах эрэлт байна" Н.МӨНХБАТ

НИЙТ 22 ТӨСӨЛД САНХҮҮЖИЛТ ХИЙЖЭЭ

Өнөөдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат сэтгүүлчидтэй уулзаж хийж байгаа ажлаа танилцууллаа.  Тэрбээр хэлэхдээ "Монгол улсын Хөгжлийн банк Япон, Солонгос, Малайзийн Бодлогын банктай адил үйл ажиллагаа явуулдаг. УИХ, Засгийн газрын буюу бодлогын хэмжээнд тодорхойлогдсон томоохон төслүүдэд санхүүжилт хийх зорилготой байгуулагдсан. Учир нь өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд томоохон төслүүдэд санхүүжилт хийх боломж бүрдээгүй байна. Гэхдээ бидний үйл ажиллагаа хувийн хэвшилтэй өрсөлдөж байгаа зүйл байхгүй" гэлээ. 

2011 онд байгуулагдсан Хөгжлийн банк өнөөдрийг хүртэл нийт 22 төсөлд санхүүжилт хийгээд байна. Чингис бондын эх үүсвэрийн санхүүжилтээр нийт 10 төсөл буюу:

 

  1. Аймгийн төвүүдийг холбох орон нутгийн авто замын төсөл - 570 тэрбум төгрөг - 369,0 тэрбум төгрөг нь олгогдсон
  2. "Гудамж" төсөл -200 сая ам.доллар - 47,6 тэрбум төгрөг нь олгогдсон
  3. Шинэ төмөр зам төсөл - 200 сая ам.доллар - 164,2 сая ам.доллар нь олгогдсон
  4. БОИНГ -767онгоц худалдаж авсан - 115 сая ам.доллар - 84,2 сая ам.доллар нь олгогдсон
  5. 1. Тавантолгойн цахилгаан станц - 16 сая ам.доллар - 14,8 сая ам.доллар нь олгогдсон, 5.2 Эгийн голын усан цахилгаан станц - 34 сая ам.доллар - 2,3 сая ам.доллар нь олгогдсон
  6. Нийслэлийн инженерийн шугам, дэд бүтцийн төслүүд - 200 тэрбум төгрөг - 101,8 тэрбум төгрөг нь олгогдсон
  7. Хөнгөн үйлдвэрийн салбарын төслүүд - 172,4 сая ам.доллар - 270,7 тэрбум төгрөг олгогдсон
  8. Төрийн орон сууцны корпорацийн төсөл - 100 сая ам.доллар - 72 тэрбум төгрөг олгогдсон
  9. Дотоодод барилгын арматур, төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх 4 төсөл - 50 сая ам.доллар -0 дүн олгогдсон
  10. Байшин үйлдвэрлэх комбинат /БҮК-1/ төсөл - 14 сая ам.доллар - 14 сая ам.доллар буюу нийт 11 төсөлд Чингис бондын эх үүсвэрээс санхүүжилт хийгдээд байна. 

Мөн Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээр буюу 580 сая ам.долларын Евро бонд болон дүрмийн сангаар 12 төсөлд санхүүжилт хийжээ. Үүнд 

  1. Орон нутгийн авто зам - 309,9 тэрбум төгрөг - 151,4 сая ам.доллар  нь олгогдсон
  2. Нийслэлийн авто зам - 90 тэрбум төгрөг - 51,8 сая ам.доллар олгогдсон
  3. Төрийн банкаар олгох 6 хувийн моргейж - 80 тэрбум төгрөг - 58,4 сая доллар олгогдсон
  4. ТЭЦ-4 хүчин чадал нэмэгдүүлэх - 70 сая ам.доллар - 44,1 ам.доллар олгогдсон
  5. ТЭЦ-3 хүчин чадал нэмэгдүүлэх - 35 сая ам.доллар - 28 сая ам.доллар олгогдсон
  6. ЖДҮ хөгжүүлэх төсөл - 50 тэрбум төгрөг - 48,5 тэрбум төгрөг олгогдсон
  7. Багануур ХК - 18,6 тэрбум төгрөг - 18,3 тэрбум төгрөг олгогдсон
  8. "Шинэ төмөр зам" төсөл - 55 сая ам.доллар - 22,5 сая ам.доллар олгогдсон
  9. Сайшанд АҮЦ - 14,2 тэрбум төгрөг - 6,3 тэрбум төгрөг олгогдсон
  10. Эрдэнэс Таван толгой - 200 сая ам.доллар - 200 сая ам.доллар олгогдсон
  11. Яармагийн орон сууцны хорооллын төсөл - 20 тэрбум төгрөг - 12,2 тэрбум төгрөг олгогдсон
  12. Хөтөл ЦШ ТӨХК өргөтгөл - 61,3 сая ам.доллар - 61,3 сая ам.доллар олгогдсон зэрэг нийт 12 төсөл, аж ахуйн нэгжид санхүүжилт хийжээ. 

ДАХИН БОНД ГАРГАХ УУ?

Хөгжлийн банкны нийт актив 4,5 их наяд төгрөг байгаа юм. Үүний 1,8 нь Хөгжлийн банкинд байгаа бол 2,5 нь зээлийн санхүүжилтэд зарцуулагдсан, үлдсэн нь бусад актив байна. 

Цаашид бонд гаргах эсэх дээр Н.Мөнхбат "Бонд гаргах асуудал нээлттэй. Манай улсын гаргасан бондыг худалдан авах эрэлт байна гэж үзэж байгаа. Харин энэ бол одоо цэвэр шийдвэр гаргагчдын бодлогын асуудлаас хамаарах юм. Гэхдээ бид цаашдаа зөвхөн бонд гэхгүй бусад олон улсын санхүүжилтийн эх үүсвэрүүдийг давхар судалж байна" гэлээ. 

Өмнө гаргасан Чингис, Самурай, Евро бондууд нь эдийн засгийн таагүй үед авч хэрэгжүүлсэн чухал алхмын нэг төдийгүй эдийн засгийн хүндрэлийг бууруулж, тогтворжуулахад эерэг үүрэг гүйцэтгэсэн гэж Хөгжлийн банк үзэж байна.