Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Мөнхбат: “Самурай” бондод бид жилдээ 1,52 хувийн хүү төлнө

Ч.Болортуяа
2014 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат

- “Самурай” бондын талаарх  асуултуудад Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат анх удаа хариулт өглөө - 

Монгол, Япон хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу гаргасан “Самурай” бондын талаарх сэтгүүлчдийн асуултад Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат анх удаа хариулт өглөө. 

10 жилийн хугацаатай, жилийн 1.52 хувийн хүүтэй 30 тэрбум иенийн дүнтэй энэ бондын 24.3 тэрбум нь энэ оны нэгдүгээр сарын 6-нд шилжин орж ирээд байна. Үүнээс 5.7 тэрбумыг нь Японы олон улсын хамтын ажиллагааны банкнаас гаргасан баталгааны шимтгэлд төлөгджээ. 

 Энэ нь 10 жилийн хугацаанд ганц удаа хийх төлбөр тул цаашид зөвхөн хүүгээ төлөөд явна. Бусад эх үүсвэртэй харьцуулахад “Самурай” бондын хүү харьцангуй бага, жилд дунджаар 4.4 сая ам.долларыг хүүгийн төлбөрт өгнө. Харин зээлийн үндсэн төлбөр болох 30 тэрбум иенийг 10 жилийн дараа нэг дор буцааж төлнө гэж Н.Мөнхбат захирал хэллээ. 

Энэ талаар сэтгүүлчдийн асуултад Н.Мөнхбат дэлгэрэнгүй хариуллаа. 

- Бондын мөнгийг ямар банкуудад хэдий хэмжээний хүүтэй байрлуулаад байгаа вэ?
- Дотоодын хоёр банкинд байршуулаад байна. ХААН, Худалдаа, хөгжлийн банкинд байршуулаад байгаа. Хүүгийн талаар нарийвчилж хэлэх боломжгүй. Ямар ч байсан бондын хүүгийн зардлыг нөхөх хэмжээтэйгээр байршуулсан гэсэн үг. 

- Баталгааны шимтгэлийг бөөнд нь яагаад эргүүлж өгсөн бэ?
- Бид жилдээ 1,52 хувийн зөвхөн хүүгээ төлөх ёстой гэсэн үг. Энэ бол асар бага хүү. Мөнгөн дүнд шилжүүлэхээр жилдээ бид 4,4 сая ам.доллар төлнө. Баталгааны шимтгэлийг бөөнд нь төлсөн нь Японы талын шаардлага байсан. 

- Японы банкуудаар зуучлуулахдаа ямар хэмжээний шимтгэл төлсөн бэ?
- Япондоо хамгийн дээгүүрт ордог хоёр хөрөнгө оруулалтын банк ажилласан. Банкууд  бондыг амжилттай арилжиж чадвал тодорхой хэмжээний хураамж авдаг. Энэ нь нийт бондын 0,1 хувьтай тэнцэж байна. Үүнийг ч бид доогуур тооцож чадлаа. Чингис бондын хувьд ч 0,1 хувь байсан. Энэ нь олон улсын жишгээрээ багад тооцогдох хувь юм. 

- Зээлийн үндсэн төлөлт хэзээнээс төлөгдөх вэ?
- Бондын хугацаа дууссан өдөр буюу 10 жилийн дараа эргэн төлөлт бүтнээрээ хийгдэх ёстой байгаа. Энэ бол жишиг төлөлт юм. 

- “Самурай” бондын хүүний хувьд бодитой юу. “Чингис бонд”-оос өндөр хувьтай гэж байсан. 
- Жилд бид хөрөнгө оруулагчдад 1,52 хувийн хүү төлнө. Баталгааны хоёр орчим хувийн хүү төлнө. Чингис бондтой харьцуулахад иен, ам.долларын харьцаа хөрвүүлэлт хийгдээгүй байгаа учраас харьцуулах боломжгүй. 

- Баталгааны хүү төлнө гэдэг нь тэр 5,7 тэрбум иенийг урьдчилан өгсөн гэж ойлгож болох уу?
- 5,7 тэрбум иен гэдэг нь нийт 10 жил төлөх баталгааны шимтгэл гэж ойлгож болно. Энэ шимтгэлийг бид Японы талын тавьсан шаардлагын дагуу хийсэн. Тэгэхээр одоо бид жилд зөвхөн 1,52 хувийн хүүгээ л төлөөд явна. 

- Ханшийн эрсдлээ яаж удирдаж байгаа вэ?
- 10 жилийн дараа бид 30 тэрбум иенийг бүтнээр нь төлнө. Тэгэхээр бидэнд энэ 30 тэрбум иен маань орлого болоод ороод ирчихсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл Монгол улс, Хөгжлийн банк иений орлоготой байх ёстой. Тиймээс Япон улстай хийх худалдаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлснээр иений орлого нэмэгдэх боломжтой. Иений эрсдлийг ам.долларын эрсдэл рүү  шилжүүлэх шаардлагатай байгаа. Энэ нь судалгааны түвшинд явж байна. 

Японы Төрийн банк JBIC өөрөө баталгаа хийчихсэн. Тийм болохоор хөрөнгө оруулагчид сайн мэддэг. Бид үнэлгээ хийлгэх зардлаа хэмнэсэн.

- Бондын хүү өснө гэсэн ойлголт байх уу?
- 10 жилийн хугацаанд энэ хүүгээ л төлөөд явна. Харин бондыг авсан хөрөнгө оруулагчид хоёрдагч зах зээл дээр борлуулахаар бондын өгөөжийн хүү өсч болно. Дотоод, гадаад олон хүчин зүйлээс хамаарна. Энэ бол бидний биш хөрөнгө оруулагчдын төлөх хүү гэсэн үг. 

Бид нар энэ бондыг иенээр гаргасан нь бас учиртай. Японы төв банк иенийхээ нийлүүлэлтийг нэмж байх үед бид бонд гаргасан. Ам.долларын бондын хүү ханшийн өсөлттэй холбоотойгоор дагаад өсч байгаа. 

- Энэ бондод үнэлгээ хийлгээгүй гаргасан гэсэн. 
- Японы Төрийн банк JBIC өөрөө баталгаа хийчихсэн. Тийм болохоор хөрөнгө оруулагчид сайн мэддэг. Бид үнэлгээ хийлгэх зардлаа хэмнэх боломж гарсан гэсэн үг. 

- 10 жилийн дараа энэ мөнгийг нэг дор төлөх эх үүсвэр хаанаас бий болох вэ?
- Ийм тооцоолол одоо хийгдэж байгаа. Ерөнхий сайдын хэлж байгаагаар “Самурай” бондын мөнгийг үйлдвэржилтэд зарцуулна гэж байгаа. Тиймээс энэ санхүүжилтаас олсон орлогоороо л бондоо эргэн төлнө гэсэн үг. 

bolortuya@ikon.mn