Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн тэргүүний 22 дугаар цэцэрлэг хүүхдэд ээлтэй загвар цэцэрлэгийн нэг боллоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Японы Хүүхдийг Ивээх Сан 2011 оноос эхлэн “Хүүхдэд ээлтэй загвар цэцэрлэг”-ийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Төслийн гол зорилго нь хүүхдийн халамж, хамгаалал болон боловсролын чанартай үйлчилгээг хөгжүүлж ингэснээр хүүхдэд ээлтэй цэцэрлэгийг бий болгох.

Энэхүү төсөлд Нийслэлийн дөрвөн дүүргийн 38 цэцэрлэг буюу 20.262 хүүхэд, тэдний эцэг эх, 610 багш, 542 туслах багш, 166 эмч, арга зүйч, эрхлэгч хамрагдсан бөгөөд тэдний нэг нь Нийслэлийн тэргүүний 22 дугаар цэцэрлэг юм.

Төслийн хүрээнд зургаан цэцэрлэгийн 18 бүлгийн ариун цэврийн өрөөг 133 орчим сая төгрөгөөр засварлан сайжруулж хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөөний загварыг бий болгосон байна

Тэгвэл өнөөдөр 22 дугаар цэцэрлэгийнхэн төслийг хэрхэн хэрэгжүүлж, ээлтэй, загвар цэцэрлэг болж чадсанаа олон нийтэд тайлагнаж, үзүүлэх хөтөлбөр зохион байгууллаа. Хөтөлбөрт, цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эхчүүд, багш, заах арга зүйчид оролцож, хүүхдийн хүмүүжил, сурах арга барилыг хэрхэн сайжруулснаа харуулсан юм.

Энэхүү үйл ажиллагаанд БСШУЯ-ны төлөөлөл, Япон улсаас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, НБГ-ын мэргэжилнүүд оролцож, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

“Хүүхдэд ээлтэй загвар цэцэрлэг”-ийн төсөлд хамрагдсан 38 цэцэрлэгт багш, эцэг эхийн боловсролыг дэмжих номын сан байгуулж 141.7 сая төгрөгийн техникийн туслалцаа үзүүлсэн байна.

Мөн цэцэрлэг тус бүрт,

  • Дижитал зургийн аппарат
  • Самбар
  • Номын шүүгээ
  • Уулзалтын ширээ
  • Сандал хандивлаж, багшийн ур чадвар, хүүхэд эцэг эхийн мэдлэг боловсролд зориулсан 240 гаруй нэр төрлийн номоор хангажээ.

Ийнхүү цэцэрлэгүүдэд баялаг номын сан бий болсноор хүүхэд аав, ээжтэйгээ хамт гэртээ ном уншиж, ярилцах боломжийг бүрдүүлсэн аж. Бага насны хүүхдийн хөгжил, хүмүүжилтэй холбоотой сүүлийн үеийн ном, гарын авлагыг эцэг эхчүүд дуртайяа авдаг болсон гэнэ. Тэд хүүхэддээ ном уншиж өгөх, үлгэр ярилцах, зурж бүтээх зэргээр цаг зав гаргахыг хичээдэг болж, хүүхдүүд ч ээж ааваасаа ном авах, уншиж өгөхийг хүсдэг болжээ.

Түүнчлэн дээрх төслийн хүрээнд зургаан цэцэрлэгийн 18 бүлгийн ариун цэврийн өрөөг 133 орчим сая төгрөгөөр засварлан сайжруулж хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөөний загварыг бий болгосон гэнэ.

“Хүүхдэд ээлтэй загвар цэцэрлэг”-ийн төслийг хэрэгжүүлэхэд Япон улсын Засгийн газраас 1.3 сая долларын санхүүжилт үзүүлжээ

Амьдралын зөв дадал, хэвшлийг олж авах нь ариун цэврийн өрөөнөөс эхэлдэг хэмээн үзэж, юун түрүүнд хүүхдийн насны онцлог, биеийн хэмжээ, нурууны өндөрт ахуйн бүх хэрэгслийг (суултуур, угаалтуур, тавиур) нийцүүлжээ. Ингэснээр тэднийг зөв дадалд сургах ахуйн аюул, эрсдэлгүй, эрүүл, тохилог, цэвэр орчинг бий болгож чадсан байна.

Мөн хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмших хөгжлийн түвшинг илэрхийлэх нөгөө талаар хүүхдийн сурч хүмүүжих орчинд эцэг эцийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эцэг эхтэй харилцах” дэвтрийг боловсруулан 25 мянган ширхэг хэвлүүлж, 58 цэцэрлэгийн 21.132 хүүхдэд түгээн хэрэглүүлж байгаа нь үр дүнгээ тун сайн өгч байгаа тухай 22 дугаар цэцэрлгийн бэлтгэл ангийн багш Д.Мөнхзаяа хэлж байлаа.

Дашрамд дурдахад,  “Хүүхдэд ээлтэй загвар цэцэрлэг”-ийн төслийг хэрэгжүүлэхэд Япон улсын Засгийн газраас 1.3 сая долларын санхүүжилт үзүүлжээ.