Уншиж байна ...

Энэ оны эхний улиралд иргэдийн зээл 36.9 хувиар буюу ₮4.6 их наядаар өсөв

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний улирлын үзүүлэлтүүдийг өнөөдөр Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 

Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний улирлын байдлаар 37.4 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 6.4 их наяд төгрөгөөр буюу 20.8 хувиар өссөн байна. 

Уг өсөлтөд: 

  • төгрөгийн хадгаламж 5 их наяд төгрөгөөр буюу 38.3 хувиар, 
  • төгрөгийн харилцах 2.9 их наяд төгрөгөөр буюу 48.6 хувиар өссөн нь мөнгөний нийлүүлэлт өсөхөд гол нөлөөллийг үзүүлсэн байна. 

Нийт төгрөгийн хадгаламжийн хэмжээ 18.1 их наяд төгрөг байна. Үүнээс 84.3 хувь нь иргэдийн хадгаламж, 15.7 хувь нь аж ахуйн нэгж байгууллагуудын хадгаламж байна. 

Нийт зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст 29.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.9 их наяд төгрөг болж 25.4 хувиар нэмэгджээ. 

Үүнд: 

  • Иргэдийн зээл 36.9 хувиар буюу 4.6 их наядаар өссөн 
  • Хувийн байгууллагуудын зээл 10.7 хувиар буюу 1.1 их наяд төгрөгөөр өссөн байна. 

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 58.9 хувь нь иргэдийн зээл, 36.6 хувь нь хувийн байгууллагынх, 0.6 хувь нь төрийн байгууллагынх 0.9 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагын зээлүүд эзэлж байна. 

Чанарын ангиллаар авч үзвэл хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 25.8 их наяд, анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 1.3 их наяд, чанаргүй зээл 2.1 их наяд төгрөг болжээ. 

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 88.6 хувь нь хэвийн зээл, 4.3 хувь нь анхаарал хандуулах зээл, 7.1 хувь нь чанаргүй зээл эзэлж байна.