Уншиж байна ...

Ираны пуужингуудыг АНУ-ын арми урьд өмнө тулаанд хэрэглэж байгаагүй шинэ зэвсгээр устгажээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Ираны агаарын довтолгооноос Израиль улсыг хамгаалахдаа АНУ-ын тэнгисийн зэвсэгт хүчин урьд өмнө тулаанд хэрэглэж байгаагүй шинэ зэвсгийг ашиглажээ.

Ираны баллистик пуужингуудыг устгахад SM-3 (Standard Missile 3) зэвсгийг анх удаа ашигласныг Мягмар гарагт тэнгисийн зэвсэгт хүчний тэргүүн Карлос Дел Торо баталсан байна.

“Бид Ираны баллистик пуужингийн довтолгооны зогсоохдоо SM-2, SM-6, бас SM-3 зэвсгүүдийг ашиглалаа” гэж тэрбээр Сенатын батлан хамгаалахын байнгын хорооны сонсголын үеэр мэдэгджээ.

АНУ-ын хоёр тэнгисийн хөлөг USS Alreigh Burke, USS Carney энэ удаагийн ажиллагаанд оролцохоор Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт шилжин байрласан тухай албаныхан өмнө нь мэдээлж байсан юм.

Гэхдээ яг ямар зэвсэг ашигласан нь тодорхойгүй байв.

SM-3 нь кинетик хүч ашиглан дайсны богино болон дунд тусгалын баллистик пуужинг нислэгийн явцад нь устгах зориулалттай зэвсэг юм.

Уг зэвсэг дэлхийн агаар мандлын гадна ажиллах чадвартайгаараа (exo-atmospheric) бусад ижил төстэй зэвсгүүдээс онцгой ажээ.

Стратегийн болон Олон Улсын Судалгааны Төв бичиг баримтдаа “SM-3 бол сансрын уудамд ажиллах зориулалттай цорын ганц Standard Missile төрлийн зэвсэг гэдгээрээ онцлог юм” гэж тайлбарласан байдаг.

Уг зэвсгийг сүүлийн 20 орчим жилийн турш олон удаа туршсан тухай мэдээ цацагдаж байсан ч тулаанд огт ашиглаагүй байжээ.

Гэхдээ SM-3 нь Бямба гарагийн агаарын тулаанд ашигласан цорын ганц “exo-atmospheric” төрлийн зэвсэг байгаагүй юм.

Тухайлбал Израилийн арми Arrow 3 хамгаалах систем ашигласан нь бас дайсны пуужинг дэлхийн агаар мандлын гадна байхад устгах зориулалттай байжээ.

Бямба гарагт Ираны зүгээс 300 гаруй пуужин, нисгэгчгүй онгоцоор довтолсны 99 хувийг байнд хүрэхээс нь өмнө устгасныг Израилийн эрх баригчид зарласан юм.

Үүнээс АНУ-ын зэвсэгт хүчин 80 гаруй нисгэгчгүй онгоц, зургаан баллистик пуужинг устгаснаа баталж байна.

 

Эх сурвалж: Business Insider