Уншиж байна ...

ШИНЖЭЭЧ: "Өргөө" амаржих газрын өр 2020 онд ₮162 сая байсан бол 2023 онд ₮3 тэрбум болж, 1,868%-аар өсжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Үдээс хойших хуралдаанаар Өргөө амаржих газарт гарсан худалдан авах ажиллагааны гажуудал ба эмийн үнийн өсөлтийн жишээний талаар Шинжээч танилцуулсныг хүргэж байна. 

Тэрбээр "Улсын гуравдугаар шатны эмнэлгүүд дээр худалдан авах ажиллагаатай холбоотой алдаа дутагдал байна, их хэмжээний өр үүссэн хэмээн Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 4-ний өдрийн удирдамжаар ажлын хэсэг байгуулагдаж, хяналт шалгалт явуулсан. 

Хяналт шалгалтад эм, бараа материалын худалдан авалт, тендер шалгаруулалт, хэрэгжилтийг үнэлэх асуудлыг авч хэлэлцсэн. Ажлын хэсгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1.5 дахь заалт, 48 дугаар зүйлийг бүхэлд нь хэрэгжүүлээгүй гэж үзсэн.

Өргөө амаржих газар нь худалдан авах гэрээг байгуулахаас өмнө тогтмол бус үнээр худалдан авалт хийдэг юм байна. Жишээлбэл тариурыг долоон өөр үнээр 2.3 дахин, виркил гэх мэс заслын утсыг есөн өөр үнээр буюу 2.9 дахин, гар угаах губка гэх хэрэгслийг зургаан өөр үнээр 2.3 дахин үнээр өсгөж авдаг байна. 

Түүнчлэн дуслын системийг найман өөр үнээр 1.6, марлийг найман өөр үнээр 2.7 дахин өсгөж авсан хэмээн ажлын хэсэг дүгнэсэн байна. 

зураг
 
зураг
 

2022 онд тухайн газарт 2.9 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт хийгдсэн байна. Үүнээс 172.9 сая төгрөг нь тендерийн дагуу явагдсан. Үлдсэн 75 багцын 44 багцад огт сонгон шалгаруулалтгүйгээр, аливаа шийдвэргүйгээр худалдан авалт хийсэн аж. Энэ нь зах зээлийн үнээс 1.3-3 дахин их үнээр худалдан авалт хийжээ. 

зураг
 

Жишээлбэл 368 төгрөгийн үнэтэй үзлэгийн бээлийг 126.8 хувиар өсгөж нэг бүрийг 464.8 төгрөгөөр худалдаж авсан. Ингэснээр 250,000 бээлийг авахад 24 сая төгрөгийн илүү зардал гаргасан. 

Иймэрхүү худалдан авах ажиллагааны хууль зөрчсөний үр дүнд Өргөө амаржих газарт үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж хумигдсан. Түүнчлэн 2020 онд 162 сая төгрөгийн өртэй байсан бол 2023 онд гурван тэрбум болж, өр нь дөрвөн жилийн хугацаанд 1,868%-аар өсжээ

зураг
 

Өр үүсэж буй үндсэн шалтгаан нь тендерийг хүчингүй болгодог мэргэшсэн арга барил байна. Хоёр удаа тендерийг хүчингүй болгосны дараа шууд худалдан авалт руу шилждэг. 

Энэ талаар нотлох баримтыг олж цуглуулж чадаагүй. Гэхдээ дараах таамаглалыг дэвшүүлж байна, эмнэлгийн удирдлага болон эм ханган нийлүүлэгч байгууллага үгсэн хуйвалдах замаар тендерийн багцын үнийг өсгөдөг. 

А болон Б компани хоорондоо харилцан эмүүдээ нийлүүлж багц болгоод тендерт ордог. Аль нь ч ялсан ашигтай. Үүнээс болж "багц үүсгэнэ" гэдэг асуудал тогтсон" хэмээн ярилаа. 

зураг
 
зураг
 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/447174094430766