Уншиж байна ...

12 настай охиныг хулгайлж, хөнөөсөн Г.Гантулгад БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял оноолоо

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Гантулгад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо.

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн 12.1-д заасны дагуу түүнд бүх насаар нь хорих ял оноосныг эх сурвалж мэдээлэв.

Тодруулбал Шүүгдэгч Ганбаатарын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн хулгайлах” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар “Онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

Улмаар шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн

  • тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар бүх насаар нь хорих ялаар,
  • мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бүх насаар нь хорих ялаар,
  • мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Эх сурвалж: Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх