Уншиж байна ...

А.Долгион: Гадаад руу хоёр дахь удаагаа буцсан хүн хэзээ ч Монголдоо ирэхгүй гэсэн бодолтой болсон байдаг юм билээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
 

"Монгол Диаспора, эргэн суурьшигч-Шинэ хөгжлийн гарц" нээлттэй форум өнөөдөр боллоо. 

Энэ үеэр "Хилийн чанад дахь иргэдийн Монгол улсын хөгжилд оруулах хувь нэмэр" сэдвээр холбогдох албаны хүмүүс хэлэлцснээс зарим яриаг онцоллоо. 

"Хөдөө орон нутагт хоршооллоор газар, хөнгөлөлттэй санхүүжилт авахаас эхлээд асар их боломж байна"

Ховд аймгийн Засаг Дарга Э.Болормаа "Өмнө нь дандаа хот руу нүүдэг байсан бол одоо хөдөө орон нутаг руу нүүх сонирхол ихэссэн. Гадаад улсаас Монголдоо ирээд удаагүй байгаа хүмүүстээ хэлэхэд хөдөө орон нутагт амьдралын чанараа сайжруулах, өөрийн чадвараараа олон зүйлсийг хийх боломж байна. 

Хоршоо гэдэг зүйлийг судлаарай гэдгийг онцлон хэлье. Заавал малчин байх шаардлагагүйгээр нийгэмлэг үүсгээд хамтдаа газар, хөнгөлөлттэй санхүүжилт авахаас эхлээд асар их боломж байгаа" гэв. 

"Хилийн чанадад байгаа монгол иргэд улсдаа хөрөнгө оруулахыг хүсвэл investmongolia веб сайтаар мега төслүүдийн мэдээллийг авч болно"

Эдийн Засгийн Хөгжлийн Яам /ЭЗХЯ/-ны Бүс Орон Нутгийн Хөгжлийн Бодлогын Газрын мэргэжилтэн Д.Мөнхсайхан "Хөгжлийн бодлогын баримт бичгүүдээ бүсчлээд томоохон мега төслүүдийг төлөвлөж байна. Эдгээрийг хэрэгжүүлэхэд нарийн мэргэшсэн, өндөр ур чадвартай боловсон хүчин шаардлагатай байгаа. 

Бид томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд гаднаас мэргэжилтэн, зөвлөхүүдийг авч ажиллуулахын оронд хилийн чанадад байгаа өндөр ур чадвартай хүмүүсээ ажиллуулахыг зорьж байна. 

Иймд Гадаад Харилцааны Яам, Хилийн чанадад байгаа монголчуудын холбоо зэрэг байгууллагууд Монгол Улсын Засгийн газартай тэдгээр хүнийг холбож ажиллахад анхаарах хэрэгтэй байна. 

ЭЗХЯ-ны харьяа Хөрөнгө Оруулалтын Худалдааны агентлагаар дамжуулж улсын хэмжээнд хэрэгжих мега төслүүдийг олон улсад сурталчлан таниулж, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэд улсдаа хөрөнгө оруулахыг хүсвэл investmongolia веб сайтаар дамжуулж мега төслүүдийн мэдээллийг авч хамтарч ажиллах боломжтой" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл НҮТББ-ын дэд тэргүүн А.Долгион "Монголдоо ирэх хүсэл хүн бүрд байгаа ч шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа байх. Төр засгийн шийдвэрийг хүлээхээсээ өмнө залуучууд өөрсдөө гаргалгааг гаргах боломжтой гэж харж байгаа. Намайг Монголд 2018 онд ирэхэд ойлгомжгүй зүйл маш их байсан. Бизнесийн орчны хууль дүрэм, хүүхдийн сурах орчин зэргийн мэдээллийг интернэтээс л авч байгаа юм. 

Монголдоо ирээд 2-3 жил амьдарч байгаад "Бүтэхгүй юм байна" гээд гадаад руу буцсан хүмүүс эргэж ирэх нь хэцүү юм шиг санагддаг. Хоёр дахиа буцсан хүмүүс ахиж хэзээ ч Монгол руу ирэхгүй гэсэн хүчтэй бодолтой болсон байдаг юм билээ" гэв.