Уншиж байна ...

Б.Ганчулуун: "Ачит Ихт" компани болон хамаарал бүхий 11 объектод шалгалтын ажиллагаа явуулж, их хэмжээний мөнгө хураасан

Б.Манлай
2024 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүгийн цагдаагийн албанаас гэмт хэргийн илрүүлэлт, цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Сонгуулийг хууль бусаар санхүүжүүлсэн байж болзошгүй гэх асуудалд тайлбар өгөв.

Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун "Цагдаагийн байгууллагаас гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд үл тооцож болно гэж Үндсэн хуулийн зарчмыг баримталж, хэргийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Тиймээс албаны эх сурвалжгүйгээр худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" гэлээ.

"Ачит Ихт" компанийн байранд нэгжлэг хийсэн талаар тэрбээр "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн хүдрийн ил уурхайн овоолгоос олборлолт явуулан их хэмжээний ашиг олж, татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр дөрөвдүгээр сарын 12-нд "Ачит Ихт" компани болон хамаарал бүхий ААН гээд 11 объектод шалгалтын ажиллагаа явуулсан.

Шалгалтын үеэр 940 гаруй боть санхүүгийн баримт, их хэмжээний мөнгийг хурааж авсан. Хэн нэгнийг баривчлаагүй. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Тус компанийн эзнийг хаана байгаа талаар прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэх боломжгүй.

Хэргийн талаар прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлбэл эрүүгийн хуулийн 21.9-д зааснаар мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан хэрэгт шалгагддаг" гэж сэтгүүлчийн асуултад хариуллаа.