Уншиж байна ...

"Гадаадад байгаа монгол иргэдийн 23% нь оршин суугаа улсынхаа иргэн болох бодолтой байна"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монгол Диаспора, эргэн суурьшигч-Шинэ хөгжлийн гарц" нээлттэй форум өнөөдөр болж байна.

Тус форумаар хилийн чанад дахь болон эх орондоо эргэн суурьшиж буй монголчуудын нөхцөл байдлыг ойлгох, тэдний мэдлэг, нөөц боломж, ур чадварыг Монгол улсын хөгжил дэвшлийн хөшүүрэг болгох боломжийг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр 2023 онд Үндэсний Статистикийн Хороо болон НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хамтран хийсэн "Монгол Диаспорагийн өнөөгийн нөхцөл байдал" судалгааг танилцууллаа. 


Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор гадаадад тоологдсон иргэдийн тоо: 

Энэхүү судалгаагаар БНСУ, АНУ, Япон, Казахстан, Чех, Австрали, БНХАУ, ХБНГУ, Швед, Франц, ОХУ, Турк, Австри, Швейцар, Их Британи болон бусад улсуудад зургаа болон түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа 1,865 иргэний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн аж. 

"Судалгаанд хамрагдсан гадаадад оршин сууж буй иргэдийн дийлэнх нь буюу 67.1 хувь нь мэргэжилтнүүд байна"

Судалгаанд хамрагдсан иргэдийн дундаж нас 35.3 ба дунджаар 6.6 жил гадаадад амьдарсан байна. 62.5 хувь нь эмэгтэй, 37.5 хувь нь эрэгтэй, 70 гаруй хувь нь дипломын болон түүнээс дээш боловсролтой байгаа ба ажил мэргэжлийн хувьд 67.1 хувь нь мэргэжилтнүүд байна. 

зураг
 

Монгол руу буцаж ирэх төлөвлөгөөтэй иргэдийн хувьд эрүүл тав тухтай орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах,эдийн засгийг тогтвортой байлгах зэрэг амьдрах орчин, нөхцөл, нийгмийн үйлчилгээг сайжруулах асуудлыг шийдвэрлэхийг илүүтэй хүссэн байна. 

Судалгаанд хамрагдсан иргэдийн 85 хувь нь оршин суух зөвшөөрөлтэй.

  • Дийлэнх нь буюу 72.2 хувь нь суралцах, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй,
  • 90.3 хувь нь хэвийн нөхцөлд ажил хийж байгаа,
  • 54.6 хувь нь байнгын буюу тогтмол хугацаатай гэрээтэй,
  • 69.7 хувь нь 7 хоногт 35-аас дээш цагаар ажилладаг байна.
Судалгаанд хамрагдагсдын 61 хувь нь Монгол Улсад буцаж ирэх төлөвлөгөөтэй. 

Үүний:

  • тал хувь нь таван жил дотор буцахаар төлөвлөж байгаа
  • 39.0 хувь нь нутаг буцах төлөвлөөгүй,
  • 23.1 хувь нь оршин суугаа улсынхаа иргэн болох бодолтой байна.

"Гадаадад оршин суугаа нэг иргэн Монгол руу жилд дунджаар ₮19.9 саяыг ихэвчлэн өрхийн өдөр тутмын хэрэгцээнд зориулан илгээжээ"

Гадаад улсад оршин суугаа нэг иргэн жилд дунджаар 19.9 сая төгрөгийг ихэвчлэн өрхийн өдөр тутмын хэрэгцээнд зориулан илгээжээ.

Гадаад улсад амьдарснаар судалгаанд оролцогчдын 22.5 хувьд нь ямар нэгэн өөрчлөлт гарсан бөгөөд 47.9 хувьд нь зөвхөн эерэг, 29.6 хувьд нь ямар нэгэн өөрчлөлт гараагүй гэсэн хариултыг өгсөн байна. 

ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ: 

  • Эрүүл, утаагүй орчинд байгаа 81.6% 
  • Чанартай хүнс хэрэглэдэг болсон 71.7%
  • Орлого, санхүү сайжирсан 67.5%
  • Соёл, боловсрол, ур чадвар дээшилсэн 53.4% 
  • Хүүхдүүддээ хөрөнгө оруулалт хийсэн 28.2%
  • Орон байрны нөхцөл сайжирсан 28.1%
  • Бусад 6.3%

СӨРӨГ ӨӨРЧЛӨЛТ: 

  • Архи, тамхи, гэмт хэрэгт өртөх эрсдэл нэмэгдсэн 63.2%
  • Гэр бүлийн харилцаа муудсан 16.7%
  • Орон байргүй болсон 12.9% 
  • Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлсөн 11.0% 
  • Эрүүл мэндээрээ хохирсон 5.3% 
  • Гэр бүл салсан 3.6%
  • Өрөнд орсон 3.3%
  • Бусад 5.3%

Гадаадад амьдарч байгаа иргэд дунджаар ₮6.5 саяыг олж байна. Энэ нь Монгол Улсын дундаж цалинтай харьцуулахад хамаагүй өндөр ч тухайн улс орноосоо шалтгаалаад хэрэглээ нь өндөр байгаа гэв. 

Судалгаанд оролцогчдын сарын дундаж орлого төгрөгөөр: 

Гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 34.1 нь менежер, мэргэжилтэн, машин механизм, төхөөргийн операторч, угсрагч хийдэг. Эдгээр гурван ажил, мэргэжлээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн сарын дундаж орлого нь ₮8.3-13.6 сая байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав