Уншиж байна ...

"Иргэн Р.Базар ЕСБХБ-д ₮78 тэрбумын хохирол учруулсан гэж Дээд шүүх тогтоосон. Одоогоор ₮64 тэрбумын үлдэгдэлтэй байгаа"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөнгө угаах, сонгуулийг санхүүжүүлсэн байж болзошгүй үндэслэлээр иргэн Р.Базарын ажлын байранд өчигдөр нэгжлэг хийж, улмаар баривчилсан билээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас сэтгүүлчид тодрууллаа.

Тэрбээр "Иргэн Р.Базарыг ямар асуудлаар саатуулсан талаар мэдээлэл алга. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Харин түүнтэй холбоотой нэг хэрэг байсныг мэднэ. Хоёр жилийн өмнө "5Ш" ажиллагаатай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хууль зүйн сайдын харьяалалд хамруулж, Засгийн газарт танилцуулах чиг үүрэг хүлээсэн.

Энэ хүрээнд иргэн Р.Базартай холбоотой Улсын Дээд Шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Тодруулбал Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ)-д нийт ₮78 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон юм билээ. Уг шүүхийн шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлээгүйтэй холбоотой ЕСБХБ-наас надад гомдол ирсэн.

Одоогоор тус банкны хохирлын 13.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан гэсэн мэдээлэл бий. Одоогоор 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэхдээ энэ асуудлаар хорьсон эсэх талаар мэдээлэл надад ирээгүй. Би оролцдоггүй" гэв.

Харин Эрүүгийн Цагдаагийн Албанаас дээрх асуудлаар мэдээлэл өгөхдөө 

  1. Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй
  2. Нэр бүхий этгээдүүд бүлэглэж, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарыг хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, их хэмжээний мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, зорчих эрхийг хязгаарлан заналхийлж, хүнийг хүчээр алга болгох гэх хэргүүдэд иргэн Б-ын хамаарал бүхий "Алтайн хүдэр", "Бүрдэл Майнинг" компани болон Тээвэр Хөгжлийн Банк болон иргэдийн орон байр зэрэг 10 объектод нэгжлэг хийж, 100 гаруй боть санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан гэсэн юм.