Уншиж байна ...

Хятадын судлаач Украины дайнд Орос улс ялагдах шалтгаануудыг тоочжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Бээжингийн их сургуулийн профессор, Фуданийн их сургуулийн Орос ба Төв Ази судлалын төвийн захирал Фэн Южүнь “The Economist” сэтгүүлд Украины дайнд Орос улс ялагдах магадлалтай тухай ярьсан нь хүмүүсийн анхаарлыг нэлээд татаад байна.

Кремлиэс зохион байгуулдаг олон улсын хэлэлцүүлгийн “Валдай” клубийн гишүүн асан тэрбээр Оросын ялагдалд дөрвөн хүчин зүйл нөлөөлөхийг тоочжээ.

Эхнийх нь украинчуудын хүчтэй эсэргүүцэл, үндэсний эв нэгдэл гэнэ. Хоёрдугаар хүчин зүйл нь хэдийгээр сүүлийн үед суларсан ч ач холбогдол нь өндөр хэвээр байгаа Украинд үзүүлэх олон улсын дэмжлэг тусламж гэжээ.

Аж үйлдвэрийн хүчин чадлыг удирдлага, хяналт, харилцаа холбоо, тагнуулын системтэй хослуулан явуулдаг орчин үеийн дайны мөн чанарыг Фэн Южүнь дурдаад харин өнөөгийн Орос улс үүнийг хангаж чадахгүй байгааг гуравдугаарт онцолсон байна.

Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа унасан аж үйлдвэржилтийн хүчин чадлыг Орос улс хараахан сэргээж чадаагүйтэй тэр үүнийг холбон тайлбарлажээ.

Сүүлчийн хүчин зүйлийг Фэн Южүнь мэдээлэл гэж дүгнэсэн байна.

Удаан хугацааны дарангуйллын үр дүнд Путин бодит ертөнцөөс тасарч, мэдээллийн вакуумд орсон, Кремлийн эрх баригчид найдвартай тагнуулын мэдээллээр дутагдаж, алдаагаа засах үр дүнтэй механизмгүй болсон нь үүнд нөлөөлж буй гэж тэр дүгнэжээ.

Эдгээр хүчин зүйлүүдийн улмаас Орос улс дайнд ялагдах нь тодорхой бөгөөд эцэстээ Москвагийн эрх баригчид Крымийг оролцуулаад Украины бүх эзлэгдсэн газар нутгаас цэргээ гаргах магадлалтайг Фэн Южүнь хэлсэн байна.

Цөмийн зэвсэг нь ч Оросын ялалтад тус болохгүй гэж профессор дүгнэжээ.

Тухайлбал адилхан цөмийн зэвсэгтэй АНУ-ын цэрэг Солонгос, Вьетнам, Афганистанаас гарсан жишээг тэр дурдсан байна.

Украины дайн ОХУ-ын хувьд эргэлтийн цэг болж болзошгүйг Фэн Южүнь бас анхааруулжээ.

Тухайлбал Украины дайны улмаас Путиний дэглэм олон улсад ганцаардах тусам дотоодын бэрхшээл сорилтуудтай тулгарах нь улам бүр нэмэгдэх гэнэ.

Үүнд Вагнерын бослого, саяхан Москвад гарсан террорист халдлага, үндэстэн хоорондын зөрчил мөргөлдөөн зэргийг профессор дурджээ.

Бас Украины дайн хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалдаа санаа зовох явдлыг нэмэгдүүлж, Москвагаас хамаарлаа бууруулж, тэнцвэртэй гадаад бодлого явуулахыг эрмэлзэхэд хүргэхийг анхааруулсан байна.

Оросын аюулыг мэдэрсэн Европын орнууд, НАТО батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх ба энэ үйл явц хэдийнээ эхэлснийг Финланд, Швед улсууд харуулж буйг Фэн Южүнь бас дурджээ.

Харин Украины дайн “Оросын улс төрийн систем, үзэл баримтлал”-ыг үндсээр нь өөрчилж чадалгүй мухардвал энэ нь Кремлийн эрх баригчдад дахин хүчирхэгжиж, шинэ дайн дэгдээх боломж олгож болзошгүйг профессор сануулсан байна.

 

Эх сурвалж: The Economist