Уншиж байна ...

Италид нэг ресторан гар утсаа хураалгасан үйлчлүүлэгчдэд лонх дарс бэлэглэдэг болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Саяхан Италийн Верона хотод нээгдсэн шинэ ресторан хоолны үеэр гар утсаа хураалгахыг зөвшөөрсөн үйлчлүүлэгчдэд нэг лонх дарс бэлэглэдэг болжээ.

Өнгөрсөн сард нээгдсэн “Аль Кондоминио” нэртэй рестораны эзэн Ангело Лелла “Бид бусдаас өөр ресторан нээхийг зорьсон. Ингээд хамтдаа зоог барих сайхан цаг мөчийг өнгөрүүлэхдээ технологиос татгалзах боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгож эхэллээ. Өнөөдөр технологи асуудал болж, таван секунд тутамд гар утас руугаа хардаг нь олон хүмүүсийн хувьд хар тамхи шиг болоод байна. Харин бид үүнээс татгалзсаныхаа төлөө сайн дарс хүртэх боломжтой болголоо” гэж орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Үйлчлүүлэгчид тус ресторанд орохдоо үүдэнд байрлуулсан цоожтой хайрцагт гар утсаа үлдээх сонголттой болжээ.

Гар утсаа үлдээсэн хүмүүс зөөгчид хайрцгийн түлхүүрийг үзүүлээд нэг лонх дарс үнэгүй авах юм байна.

Бас захиалсан хоолныхоо талаар сэтгэгдлээ цаасан дээр бичээд хайрцагт үлдээх боломжтой болжээ. Хамгийн сайхан сэтгэгдэл үлдээсэн үйлчлүүлэгчийг дараа ирэхэд нь үнэ төлбөргүй хоолоор шагнах гэнэ.

“Үр дүн тун сайн байгаа. Үйлчлүүлэгчдийн 90 хувь нь гар утсаа үлдээгээд дарс авч байна. Хүмүүс утасны дэлгэцээ шагайхын оронд бие биетэйгээ ярилцаж суугааг харах үнэхээр сайхан юм” гэж Лелла ярьжээ.

“Аль Кондоминио” нь Венец мужийн хэмжээнд ийм жишиг нэвтрүүлсэн анхны ресторанд тооцогдож байна. Үүнээс өмнө Италийн Тускани мужийн Марина ди Чечина хотын “Separe 1968” хэмээх ресторан зоогийн үеэр гар утаснаасаа татгалзсан үйлчлүүлэгчдийг хөнгөлөлтийн тасалбараар урамшуулдаг болжээ.

 

Эх сурвалж: The Guardian