Уншиж байна ...

"Химийн, биологийн, радиологийн болон цөмийн терроризмтой тэмцэх эрх зүйн орчныг бэхжүүлэх" сэдвээр АСЕАН-ы бүсийнхэн чуулж байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газрууд хамтран Химийн, биологийн, радиологийн болон цөмийн (ХБРЦ) терроризмтой тэмцэх эрх зүйн орчныг бэхжүүлэх сэдвээр Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо болох АСЕАН-ы бүсийн чуулга уулзалтыг энэ оны дөрөвдүгээр сарын 16-наас 18-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

НҮБ-ын Терроризмтой тэмцэх (ТТА) болон Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албад (МБГХТА), Европын Холбооны санхүүжилтээр дамжуулан чуулга уулзалтыг мөн дэмжиж байгаа юм.

Steppe Lotus хэмээх энэхүү чуулга уулзалтад дэлхийн 16 орны оролцогчид, мөн АНУ-ын Төрийн департамент, Эрчим хүчний яам, Хууль зүйн яам, Баруун хойд Номхон далайн Үндэсний лабораторийн мэргэжилтнүүд болон Индонез, Монгол, Вьетнамаас судлаач шинжээчид оролцож байна.

Чуулга уулзалт Хими, биологи, радиологи болон цөмийн (ХБРЦ) терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах зорилгоор оролцогчдын хууль эрх зүйн орчны мэдлэг чадавхыг бэхжүүлэхийг зорьж байна. Буруу гараар орвол үндэсний, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, аюулгүй байдалд ноцтой сорилт үүсгэх учир терроризм үйлдэгчдэд ХБРЦ-ийн халдлага үйлдэх түүхий эд, орц найрлагыг олж авах, ашиглах боломжгүй болгох үндэс суурь нь олон улсын хууль эрх зүйн орчин билээ.

Энэхүү сургуулилалт нь үй олноор хөнөөх зэвсэг ашигласан терроризмын аюулаас АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийг хамгаалах, төр засгийн бус оролцогчид ХБРЦ-ийн зэвсгийг ашиглахаас урьдчилан сэргийлэх Ерөнхийлөгч Ж.Байдены иж бүрэн стратегийг дэмжиж байгаа бөгөөд уг бүх нийтийн тэргүүлэх чиглэлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааны нотолгоо юм.

АСЕАН-ы бүсийн чуулга уулзалтаар мөн ХБРЦ-ийн терроризм, түүнтэй холбоотой төрийн бус оролцогчид цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх асуудлыг шийдвэрлэхэд мэдээлэл солилцох механизмыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь бататгах зэрэг оролцогчид болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, зохицуулалтыг хэрхэн сайжруулах талаар судлах болно.

Бүсийн чуулга уулзалт нь АСЕАН-ы арван гишүүн улсыг багтаасан АСЕАН-ы 27 оролцогч улсуудын хамгийн том аюулгүй байдлын яриа хэлэлцээ бөгөөд АНУ энэхүү чуулга уулзалт дахь өөрийн үүрэг оролцоо, түншлэлийн үйл ажиллагаандаа ач холбогдол өгч, ХБРЦ-ийн терроризмтой тэмцэх хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх бодит арга замыг хамтын хүчээр тодорхойлж сайжруулах үйлсэд Монгол болон Вьетнам улсуудтай нягт хамтын ажиллагааг эрхэмлэж байна.

 

Эх сурвалж: АНУ-ын Элчин Сайдын Яам