Уншиж байна ...

Apple компани Вьетнамд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр болсныг зарлалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Вьетнамд улсад зочилж буй Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк тус улсад хөрөнгө оруулалтаа өргөжүүлж буйг Даваа гарагт зарлажээ.

Тухайлбал бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээгээ Вьетнамд өргөжүүлэх төлөвлөгөөг зарласан ч ямар хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах, ямар бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төвлөрөх талаар тодорхой дурдаагүй байна.

Apple компани 2019 оноос хойш тус улсад $16 тэрбумын хөрөнгө оруулаад байгаа бөгөөд жил тутмын хэмжээ нь энэ хугацаанд хоёр гаруй дахин өсжээ.

“Орон нутгийн бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажиллахаас эхлээд цэвэр усны төсөл, боловсролыг дэмжих төсөл хүртэл бид Вьетнам дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхийн төлөө байна” гэж Тим Күүкийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд Вьетнам нь Хятадаас гадна Apple компанийн хамгийн чухал түнш болж, Luxshare, Foxconn, Compal, GoerTek зэрэг бэлтэн нийлүүлэгчдэдээ 150,000 гаруй иргэнийг нь ажиллуулж байгаа.

Тус улсад хоёр өдөр саатахдаа Тим Күүк программ зохиогчид, контент бүтээгчдээс гадна Apple компанийн бүтээгдэхүүний хэрэглэгчидтэй уулзах юм.

Өчигдөр Ханойд буусныхаа дараа Күүк сошиал хуудсандаа тус хотын Хоан Кием нуурын эрэг дээр нэг iPhone хэрэглэгчтэй авхуулсан сэлфи зургаа нийтэлжээ.

Жо Байдены засаг захиргаа сүүлийн жилүүдэд Хятад улсаас хамаарлаа багасгаж, Вьетнам улсыг дэлхийн технологийн үйлдвэрлэлийн сүлжээний нэг чухал хэсэг болгохыг зорьж байгаа.

Өнгөрсөн оны есдүгээр сард тэр Вьетнамд айлчлах үеэрээ хоёр улсын харилцааг “стратегийн иж бүрэн түншлэл”-ийн түвшинд ахиулж байгааг зарласан юм.

 

Эх сурвалж: Aljazeera