Уншиж байна ...

OpenAI компани Ази тив дэх анхны салбараа Токио хотод нээлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хиймэл оюуны технологийн тэргүүлэгч компани OpenAI өчигдөр Японы нийслэл Токио хотод шинэ салбараа нээжээ.

Энэ нь тус компанийн Ази тивд хөл тавьсан анхны алхам болж байна.

АНУ-ын Сан-Францискод үйл ажиллагаа нь төвлөрдөг OpenAI өмнө нь Лондон, Дубай хотуудад салбараа нээгээд байжээ.

“Хүний нийгмийн болон технологийн баялаг түүхтэй Японд улам ихийг хийж бүтээхээр хөл тавьсандаа бид баяртай байна. Хиймэл оюун ухаан нь хүмүүсийг илүү бүтээлч болгох замаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ одоогийн болон хараахан төсөөлөгдөхгүй байгаа шинэ салбаруудад их үнэ цэнийг бий болгоно гэдэгт бид итгэдэг” гэж OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Тус компанийн Япон дахь салбар дэлхийн топ автомашин үйлдвэрлэгч Toyota, технологийн тэргүүлэгч Rakuten, аж үйлдвэрийн аварга Daikin зэрэг томоохон компаниудтай ойр ажиллаж, тэдний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг автоматжуулахад туслах боломжтойг бас мэдэгджээ.

Өчигдөр бас OpenAI өөрийн ChatGPT бүтээгдэхүүний япон хэлний хувилбарыг зах зээлд нэвтрүүлж байгаагаа зарласан юм.

Энэ оны эхээр OpenAI компанийн зах зээлийн үнэлгээ $80 тэрбумд хүрсэн. Тус компанийн томоохон хөрөнгө оруулагч Майкрософт компани өнгөрсөн долоо хоногт Япон улсад $2.9 тэрбумын хөрөнгө оруулж байгааг тусдаа зарлажээ.

Уг хөрөнгө оруулалт нь хиймэл оюуны хэрэглээнд шаардлагатай график боловсруулах үйл ажиллагааны томоохон нэгж байгуулах, үүндээ ажиллах гурван сая мэргэжилтнийг сургах, бэлтгэх зорилготой юм байна.

Amazon Web Services компани үүлэн технологийн дэд бүтцээ Японд өргөжүүлэх зорилгоор $14 тэрбумын хөрөнгө оруулсан бол Google компани кибер аюулгүй байдлын бүс нутгийн төвөө мөн Японд байгуулаад байгаа.

Дэлхий дахинд геополитикийн зөрчил хямрал гүнзгийрч байгаа энэ цаг үед Япон улс нь технологийн аварга компаниудыг таатай нөхцөлөөрөө татаж байна. Үүнд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого, чадварлаг боловсон хүчний нөөц нөлөөлж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP