Уншиж байна ...

Израилийн засгийн газар Ираны агаарын довтолгооны хариу арга хэмжээг хэлэлцлээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Израилийн засгийн газрын дайны үеийн өргөтгөсөн танхим Иран улсын зүгээс явуулсан агаарын довтолгооны эсрэг ямар хариу арга хэмжээ авах талаар төлөвлөгөөг Даваа гарагт хэлэлцжээ.

Хуралдаанаас ямар үр дүн гарсныг одоогоор нууцалж байна.

Холбоотнууд Ираны үйлдлийг хүчтэй буруушаасан ч ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн засгийн газарт тэвчээртэй хандахыг уриалж байгаа.

Ираны эрх баригчид хоёр улсын зөрчлийг үүгээр дуусгаж, цааш өргөжүүлэх сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн.

Гэвч Израилийн зэвсэгт хүчний ерөнхий штабын тэргүүн Ираны үйлдлийг зүгээр өнгөрөөхгүйгээ мэдэгджээ.

“Бид авах хариу арга хэмжээгээ дэнсэлж байна. Израиль улсын нутаг дэвсгэрт маш олон тооны пуужин, далавчит пуужин, нисгэгчгүй онгоцоор довтолсны хариуг өгөх болно” гэж дэслэгч генерал Херци Халеви өчигдөр мэдэгдсэн байна.

Шинжээчид Израилийн эрх баригчдыг дайн өдөөх хэмжээний биш, хязгаарлагдмал хүрээнд хариу арга хэмжээ авч болзошгүй гэж үзэж байгаа.

Тухайлбал томоохон кибер халдлага, хүн хүчний хохирол бага учруулах дэд бүтцүүдийг устгах цохилт гэх мэт.

Бямба гарагт явуулсан агаарын довтолгоогоо Ираны тал дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Сирийн нийслэл Дамаск хот дахь консулын газрыг нь устгасан цохилтын хариу арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа.

Нийтдээ 300 гаруй пуужин, нисгэгчгүй онгоцоор Ираны талаас довтолсны ихэнхийг АНУ, Их Британи, Франц зэрэг холбоотнуудынхаа тусламжтай устгаж чадсаныг Израилийн тал Ням гарагт мэдээлсэн.

Гэхдээ АНУ-ын засаг захиргаа Ираны эсрэг хариу цохилтод оролцохгүйгээ Израилийн талд албан ёсоор мэдэгдсэнийг Ням гарагт Цагаан ордноос мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: BBC