Уншиж байна ...

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Москвагийн “Crocus City Hall” цогцолборт зэвсэгт халдлага үйлдсэн этгээдүүд эхлээд Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр буюу Мягмар гарагт мэдэгджээ.

Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон бусад албаны хүмүүсийн өгсөн мэдээллээс зөрж байна.

Лукашенкогийн хэлснээр алуурчид халдлагын дараа Украин, Беларусь хоёр улстай аль алинтай нь хил залгадаг Брянск муж руу зугтсан бөгөөд эхлээд Беларусийн хилийг давах зорилготой байжээ.

Гэтэл Беларусийн тал хилийн хамгаалалтаа яаралтай чангатгаж амжсан тул тэд төлөвлөгөөгөө өөрчилж, Украиныг зорьсон гэнэ.

“Тийм учраас тэд Беларусьт нэвтэрч чадаагүй юм. Тэд хилийн харуул хамгаалалт чангарсныг хараад Украин-Оросын хилийн хэсэг рүү буцаж явсан” гэж Лукашенко ярьсныг БелТА агентлаг дамжуулжээ.

Тэрбээр цааш нь “Путин бид хоёр тэр шөнө унтаагүй. Байнга холбоотой байсан” гэж хэлсэн байна.

Хэдийгээр хамгийн ойрын холбоотон нь ингэж ярьсан ч Оросын эрх баригчид Москвагийн террорист халдлагад Украиныг буруутгахыг оролдсоор байгаа.

Тухайлбал Холбооны Аюулаас Хамгаалах Албаны (ФСБ) тэргүүн Александр Бортников өчигдөр Исламын террористуудыг Украины эрх баригчид Ойрх Дорнодод сургаж, бэлтгэдэг тухай ямар нэг нотлох баримт үзүүлэлгүйгээр ярьсан юм.

Халдлагыг үйлдсэнээ Исламын Улс зэвсэгт байгууллага хүлээгээд байгаа. Даваа гарагт Путин засгийн газрын хуралдааны үеэр Исламын террористууд халдлагыг үйлдсэнийг хүлээн зөвшөөрсөн ч захиалагчийг нь олох шаардлагатайг албаныхандаа анхааруулж байв. Ингэхдээ халдлагын цаана Киевийн эрх баригчид нуугдаж байж болзошгүй гэж сэжиглэж байгаагаа нуугаагүй юм.

 

Эх сурвалж: Reuters