Уншиж байна ...

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад Г.Гэрэл хамгийн өндөр оноо авчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг хувийн архиваас авав.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз(МҮОНРТ)-ийн ерөнхий захиралд 10 хүн нэр дэвшсэнээс Г.Гэрэл хамгийн өндөр оноо авч, томилогджээ.

Г.Гэрэл нь олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны магистр, Англи, Солонгос хэлтэй. МҮОНР-д идэвхтэн сурвалжлагчаас эхлэн “Шинэ долгион” радио станцад хөтлөгч, “Eagle” телевизэд хөтлөгч, редактор, МҮОНТ-д хөтлөгч, редактор, МҮОНТ-ийн “Өглөө” хөтөлбөрийн дарга, “Эх орон” телевизийн гүйцэтгэх захирал, МҮОНТ-ийн Нийгмийн нэвтрүүлгийн редакцын ерөнхий редактор, МҮОНТ-ийн Нэвтрүүлгийн бодлого төлөвлөлтийн албаны дарга, МҮОНРТ-ийн Маркетингийн хэлтсийн дарга, МҮОНРТ-ийн Дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай.

УИХ-аас томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүд нэр дэвшигчдийг өчигдөр сонгон шалгаруулсан байна.

МҮОНРТ-ийн гүйцэтгэх захиралд Ц.Ганхуяг, С.Адъяасүрэн, Р.Гандиймаа, Г.Чоглоонамжил, С.Баярмөнх, Г.Гэрэл, Э.Бат-Эрдэнэ, Т.Батзориг, Д.Наранцэцэг, О.Гомбожав нар нэр дэвшсэн юм.

Нэр дэвшигчдэд сүүлийн хоёр жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй, бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч бус байх зэрэг шаардлагыг тавьжээ.

Өмнөх захирал А.Бүрэнбаатар нь байгууллагад хохирол учруулсан гэх хэрэгт холбогдож, ажлаасаа чөлөөлөгдсөн байна.