Уншиж байна ...

Москвад халдлага үйлдсэн террористуудаас өшөө авахаа Путин амлав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Москвад гарсан зэвсэгт халдлагыг “зэрлэг террорист аллага” гэж нэрлээд оролцсон этгээдүүдээс өшөө авахаа амлажээ.

Тэрбээр телевизээр ярихдаа халдлагыг үйлдсэн дөрвөн этгээдийг Украины хилийг давахаас нь өмнө баривчилсныг мэдээлсэн байна.

“Террорист халдлага үйлдэж, хүмүүс рүү гал нээсэн дөрвөн этгээдийг бүгдийг нь саатуулсан. Урьдчилсан мэдээллээр тэд хил давахын тулд Украин руу явж байсан байна” гэж Путин ярьжээ.

Баасан гарагийн орой Москва хотын хойд захын “Crocus City Hall” ордонд болсон зэвсэгт халдлагыг Исламын Улс бүлэглэл үйлдсэнээ хүлээгээд байгаа.

Гэвч Оросын эрх баригчид тус байгууллагын нэрийг огт дурдахгүй байна.

“Террористууд, алуурчид, хүн бус этгээдүүд хатуу шийтгэл, мартахын аргагүй хувь тавилантай тулгарах болно” гэж амласан Путин 24-ний Ням гарагийг Орос даяар гашуудлын өдөр болгож байгааг мэдэгджээ.

ОХУ-ын Мөрдөн Байцаах Хороо амь үрэгдсэн хүмүүсийн тоог 133 гэж мэдээлсэн юм. Харин төрийн өмчит телевизийн захирал Маргарита Симонян ямар нэг эх сурвалж дурдалгүйгээр 143 хүн алагдсан тухай өмнө нь мэдээлж байв.

Холбооны Аюулаас Хамгаалах Алба (ФСБ) зэвсэгт этгээдүүдийг Украины хил орчмоос баривчлаад Москва руу хүргэж байгааг мэдээлжээ. Ингэхдээ тэдний Украин дахь хэлхээ холбоог тогтоосон гэсэн юм.

Энэ сарын эхээр Москва дахь АНУ-ын элчин сайдын яам ойрын үед зэвсэгт халдлага гарч болзошгүй талаар тагнуулын мэдээлэл авснаа анхааруулж байв.

Тэгвэл Мягмар гарагт ФСБ-ийн албан тушаалтнуудтай уулзахдаа Путин үүнийг Өрнөдийнхний “сүрдүүлэг, өдөөн хатгалга” гэж шүүмжилж байжээ.

“Энэ бүхэн манай нийгмийг айлган сүрдүүлэх, тогтворгүй байдал үүсгэх зорилготой ажиллагаа” гэж Путин тухайн үед хэлж байв.

АНУ-ын анхааруулгын дараахан Москвагийн иудейн шашны сүмд халдах Исламын Улс бүлэглэлийн Афганистан дахь гишүүдийн төлөвлөсөн ажиллагааг таслан зогсоосноо ФСБ мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: AFP