Уншиж байна ...

Олон улсын судалгааны тайланд Улаанбаатарын агаарын чанар таван жил дараалан сайжирсан гэж дүгнэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Швейцарын IQAir агаарын чанарын хяналтын байгууллага өчигдөр дэлхийн 134 улсын 7,812 хотыг хамруулсан “2023 World Air Quality Report” тайлангаа танилцуулжээ. Тайланг боловсруулахдаа дэлхий даяар төрөл бүрийн байгууллагууд, хувь судлаачдын ажиллуулж буй 30,000 гаруй агаарын чанарын хяналтын станцын мэдээллийг нэгтгэж, PM2.5 тоосонцрын нэг жилийн дундаж үзүүлэлтээр үнэлсэн байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) агаарын шоо метр тутамд 5 микрограмм PM2.5 тоосонцор агуулагдаж байвал хүний эрүүл мэндэд аюулгүй гэж үздэг юм.

Тэгвэл Улаанбаатар хотын хувьд 2023 оны PM2.5 тоосонцрын дундаж хэмжээ 22.5 үзүүлэлтээр хамгийн их бохирдолтой хотуудын 982 дугаарт эрэмбэлэгджээ.

Өөрөөр хэлбэл 7,812 хотоос агаарын бохирдлоор 982 дугаарт эрэмбэлэгдсэн гэсэн үг юм.

Улаанбаатарын 2023 оны дундаж PM2.5 үзүүлэлт ДЭМБ-ын стандартаас 4.5 дахин өндөр байжээ.

Тайланд хамрагдсан хотуудын дөнгөж 9 хувь нь ДЭМБ-ын стандартыг хангасан байна. Агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлсэн Энэтхэгийн Бегусарай хотод өнгөрсөн онд PM2.5 үзүүлэлт 118.9 буюу ДЭМБ-ын стандартаас 24 дахин, Улаанбаатарын үзүүлэлтээс 5 дахин өндөр байжээ.

Агаарын бохирдол хамгийн өндөр 10 хотын 9 нь Энэтхэгт, нэг нь Пакистанд байсан байна.

Сонирхолтой нь 2018 оноос хойших түүхэн үзүүлэлтүүдийг харахад Улаанбаатар хотын үзүүлэлт сүүлийн таван жил дараалан сайжирчээ.

Тухайлбал PM2.5 тоосонцрын жилийн дундаж 2017 онд 66.5, 2018 онд 58.5, 2019 онд 62, 2020 онд 46.6, 2021 онд 33.8, 2022 онд 30.6 байсан байна.

2023 оны хувьд нэг, хоёрдугаар саруудад хамгийн их бохирдолтой, таваас есдүгээр саруудад хамгийн цэвэр буюу ДЭМБ-ын стандартын түвшинд байжээ.

зураг