Уншиж байна ...

Улаанбаатарын эвгүй үнэр нүүрсэн яндангүй Приусуудын утаанаас гаралтай юу?

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2024 оны 3 сарын 21
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод үе үе эвгүй, эхүүн үнэр үнэртдэг болоод удаж байна.

Мэргэжлийн байгууллагууд энэ талаар ямар учир шалтгааны улмаас эвгүй үнэр хотоор тархдаг болсон талаар албан ёсны байр суурь илэрхийлдэггүй. Энэ нь үнэрийг судалж шинжлэх нарийн технологи, лабораторийн хүчин чадал хүрэлцдэггүйтэй холбоотой гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн Баянзүрх дүүрэгт хий газан маягийн хурц үнэр гарч, олон нийтийг сандаргасан. Энэ талаар мэргэжлийн байгууллагад хариу тайлбар хийгээгүй. Харин Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Д.Нарансүх "Миний таамаглал бол автомашины утаанаас үүдсэн бохирдолтой холбоотой.

Улаанбаатар хотын авто зам өглөө оройны оргил ачааллын үеэр түгжрээд зогсчихдог. Тэнд хэдэн мянган машины хөдөлгүүрээс шатсан, дутуу шатсан бензиний хаягдал агаарт гарч байгаа. Тэр нь салхиар дамжаад орон сууц, ойр хавийн барилга байгууламжид байгаа хүмүүст үнэртсэн байж болно.

Бензин шатахад автомашины хөдөлгүүр дотор өндөр температурын шаталт үүсдэг. Ингэхэд азот агаар дахь хүчилтөрөгчтэй нэгдээд азотын исэл үүсгэнэ. Энэ нь хүний амьсгалын замыг цочроодог хурц үнэртэй бодис. Улаанбаатар хотод өвлийн улиралд агаар дахь азотын исэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байдаг шүү дээ. Хүмүүс хоолой хорсоод байна гэдэг бол азот болон хүхрийн давхар ислийн хийтэй холбоотой. Энэ бол боломжит таамаглал" гэж мэдэгдэж байлаа.

Автомашины шатахуун дутуу шаталт үүсэх, агаарт хорт бодис ялгарах нэг үндэслэл бол катализаторгүй автомашин хөдөлгөөнд оролцдогтой холбоотой. Өөрөөр хэлбэл нүүрсэн яндангүй приус машинууд Улаанбаатарт хэдэн мянгаараа байгаа тухай Өдрийн сонин хөндөж ирсэн.

Сүүлийн жилүүдэд приус машины нүүрсэн янданг ашгийн зорилгоор санаатай болон санамсаргүй байдлаар худалдаалах явдал гаарсан. Оношилгооны төвүүд дээр нүүрсэн яндангүй приус машин ямар ч хяналтгүй байдаг. Зарим жолооч нар нэгнээсээ гуйж тавиад оношилгоонд ордог бол зарим нь хятад яндан тавьж ордог. Өөр нэг хэсэг нь оношилгооны ажилтнууд мөнгө атгуулаад машинаа тэнцүүлдэг явдал хавтгай болчихсон тухай ч яриа бий. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд нүүрсэн яндангүй приус машинаас гарч байгаа хорт утаа хурц үнэрийг бий болгож байх магадлалтай гэж үзэж болохоор байгаа юм.

Б.Баттүвшин: ЯМАР ҮНЭР ГАРЧ БАЙГААГ НАРИЙВЧЛАН СУДЛАХ БАГАЖ ТӨХӨӨРӨМЖ ДУТАГДАЛТАЙ

Энэ хүрээнд НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшинтэй ярилцлаа.

- Улаанбаатарт үе үе эвгүй, эхүүн үнэр үнэртдэг боллоо. Өнгөрсөн оны аравдугаар сард нэлээд асуудал болж, танай алба шалгаж байсан. Ямар учраас үе, үе ийм үнэр дэгддэг болоод байна вэ?

- Үнэр гэдэг хуримтлалаар нь гадаад орчин болон дотоод орчны гэж ялгадаг. Тамхи татахад тухайн орчинд битүү утаа болчихдог. Агаар сэлгэлттэй үед удахгүй алга болчихдог доо. Энэ бол дотоод орчны бохирдол.

Гадаад орчинд бол үнэр тухайн агшиндаа дэгдээд тодорхой хугацааны дараа алга болчихдог. Гадаад орчин гэдэг эзлэхүүн том байгаа учраас ингэдэг. Үүнийг нарийвчилж шинжилье гэвэл дээж авахаас эхлээд лабораторийн нарийн шинжилгээ шаардлагатай.

Үнэр өөр, өөр химийн бодис агуулдаг. Дэлхий дээр нийтдээ 100 мянга орчим химийн бодис хэрэглээнд байна гэсэн судалгаа бий. Үүнээс Монголд 50 орчим байдаг гэж үздэг. Угтаа тэр бүрийг нэг бүрчлэн шинжлэх ёстой. Манайд энэ төрлийн судалгаа шинжилгээ аажмаар сайжирч л байгаа. Мэдээж химийн бодис өөр өөрийн үнэртэй, онцлогтой. Түүгээр нь ерөнхийд нь ялгаж тодорхойлж л байна. Бүр нарийвчилж судлахын тулд дээж авахаас эхлээд нарийн технологи шаардагдана.

- Шинжлэх тоног төхөөрөмж манайд байдаггүй гэсэн үг үү. Хэр үнэ ханштай эд вэ?

- Жишээ нь хийн хоромаграфи буюу GC, масс спектросколи буюу MS, индуктив хосолсон плазм-оптик цацралтын спектрометр буюу ICP-OES гэх зэрэг химийн нэгдлүүдийг тодорхойлдог суурь багажууд бий.

Хийн хоромаграфи буюу GC гэхэд дангаараа нэг тэрбум орчим төгрөгийн үнэтэй. Мөн ICP-OES нь 200-300 сая төгрөг байх жишээтэй. Үүнээс гадна эдгээр багаж төхөөрөмж дээр ажиллах мэргэжилтэн бэлтгэх гэдэг том асуудал байдаг. Багажиндаа гаршихын тулд хоёр жил зарцуулдаг. Гэтэл өнөөдөр төрийн албан хаагчдын хомсдол, хүний нөөц ямар түвшинд байгаа билээ. Шинжлэх ухааны бодитой судалгаа шинжилгээ хийе гэвэл хүний нөөц, сайн багаж, хөрөнгө мөнгө шаардагдана.

Ганц химийн бодисыг тодорхойлно гэхэд 4-5 суурь судалгаа хийх болдог. Тухайн бодис хүнд хэрхэн нөлөөлж байна, тухайн орчноос шалтгаалж хүний бие организмд, хүрээлэн буй орчинд ямар нөлөөлөл үзүүлж байна гэх зэргээр та бүхний асууж тодруулахыг хүсдэг судалгааг хийх боломжтой.

- НЭМҮТ энэ тал дээр судалгаа шинжилгээ хийж байгаа юу?

- Манай алба 2009 онд байгуулагдсан. Тухайн үед бичил уурхай ихээр ажиллаж, мөнгөн усны асуудал дэгдэж байлаа шүү дээ. Энэ асуудлаас үүдэж мөнгөн усны судалгааг манай үе үеийн удирдлагууд, мэргэжлийн багийнхан маш сайн хийж ирсэн. Үүний үндсэн дээр мөнгөн усны хэрэглээг, ялангуяа халууны шилийг зохисгүй хэрэглэхийг хориглосон, хилээр оруулж ирэхийг хориглосон зэрэг зохицуулалтууд хийгдэж чадсан. Мөн 2015 онд Минаматагийн конвенцэд Монгол Улс нэгдсэн. Манайх энэ төрлийн 6-7 олон улсын конвенцод нэгдэн орсон байдаг. Тухай бүрд 4-5 жилийн суурь судалгаа хийгдэх болдог.

Одоо бид хар тугалгыг судалж байна. Хар тугалга будагны найрлагад ордог. Гялалзуулах, бэхжүүлэх үйлчилгээтэй. Хилээр орж ирж байгаа хяналтгүй будагны эргэлттэй тэмцэхэд бас нэг төрлийн томоохон түлхэц болох байх гэсэн хүлээлттэй байгаа.

- Таны ярьснаас харахад манайд химийн олон төрлийн бодисыг нарийвчлан тогтоох, судлах хүчин чадал тааруу гэж ойлголоо. Үнэр гараад байгаа шалтгааныг сайжруулсан түлш, шатахуунтай холбож тайлбарлаж байгаа мэргэжлийн хүмүүс бий. Ялангуяа чанаргүй шатахуун хэрэглэдэг. Дээр нь манай хотынхны дийлэнх хэрэглээ болсон приус машинууд нүүрсэн яндангүй хөдөлгөөнд оролцдог. Ингэснээр түлшээ бүрэн шатааж хорт хийг нь ялгаж чадахгүй байгаатай холбоотойгоор агаарт янз бүрийн үнэр гарч байгаа гэж үзэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

- Агаарт дэгдэж байгаа бодисууд органик дэгдэмхий бодис. Дизель түлш шатаахад янз бүрийн бодис гарна. Үүнийг заавал шүүх шүүлтүүр байх ёстой. Шүүлтүүр гэдэг приус автомашинд байгаа катализатор. Катализатор дахь цагаан алт бол хорт нэгдлийг шүүж өөртөө татах зориулалттай шүү дээ. Тэгэхээр шүүлтүүрийн асуудлыг ярихаас өөр аргагүй. Уг нь Барилга хот байгуулалтын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2018 оны хамтарсан тушаал бий.

Энэ нь Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг баталсан тушаал. Үүнд 98 төрлийн бодисыг оруулсан байдаг. Манайд уг нь хууль тогтоомж нь байдаг. Гол нь хэрэгжүүлэлт чухал байна.

Үүн дээр сайжруулсан түлшний асуудал ч хөндөгдөнө. Сайжруулсан түлш үнэхээр технологийн зөв үйл ажиллагаагаар орж байгаа тохиолдолд өнгөгүй, үнэргүй, амтгүй байх ёстой. Энэ тухай Английн эмч нар, мэргэжил нэгт хүмүүстэй санал солилцож байхад яригддаг. Англид кокс нүүрс хэрэглэгддэг. Үнэхээр цэвэр, кокс нүүрс бол өнгөгүй. үнэргүй, амтгүй байх ёстой гэдэг.

Харин манайд сайжруулсан түлш гэгдэж байгаа түлш бол өнгөтэй, үнэртэй байгаа юм. Дээр нь манай иргэдийн сайжруулсан түлш хэрэглэх зөв дадал хэвшил маш чухал. Ядаж галлагааны дэс дарааллыг сайн эзэмшиж чадвал эрсдэлээс сэргийлэх боломжтой гэлээ.

Зураг