Уншиж байна ...

Францын ерөнхийлөгч боксын бэлтгэлийн гэрэл зургаа нийтэд үзүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Украины асуудалд өмнөхөөсөө илүү хатуу байр суурь илэрхийлэх болсон Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны булчин шөрмөсөө харуулсан гэрэл зураг өчигдөр нийтэд таржээ.

Макроны боксын бэлтгэл хийж байгааг харуулсан хоёр гэрэл зургийг Францын ерөнхийлөгчийн гэрэл зурагчин өөрийн Инстаграм хуудсанд нийтэлсэн юм.

Франц улс хуурай замын цэргээ Украинд илгээж болзошгүй тухай яриа тарсны дараахан Макроны зураг нийтлэгдсэн нь түүний шийдэмгий байдлыг харуулах зорилготой гэж зарим ажиглагчид үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт телевизээр ярихдаа тэр “Хэрвээ бид Украиныг ганцаардуулбал, Украиныг ялагдуулбал Орос улс Молдов, Румын, Польш улсуудад заналхийлж эхлэх нь гарцаагүй” гэсэн юм.

Францын хэвлэл мэдээлэл, улс төрчид ерөнхийлөгчийнхөө зургийг янз бүрээр хүлээн авч байна.

зураг
 

CNews телевизийн суваг “Хоёр гэрэл зургаас бид төрийн тэргүүнийхээ тулаанд бэлэн байгааг харж болохоор байна. Тэр өрсөлдөгчөө ялах шийдвэр төгс харагдаж байна” гэж мэдээлжээ.

Харин сөрөг хүчний Ногоон намын хууль тогтоогч Сандрин Руссо ерөнхийлөгчийн гэрэл зургийг X хуудсандаа нийтлээд “Ямар өрөвдөлтэй улс төр вэ?” хэмээн шүүмжлэн бичсэн байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэргүүн хатагтай Брижит Макрон 46 настай нөхөр нь долоо хоногт хоёр удаа боксын бэлтгэл хийдэг тухай хэвлэлд ярьж байжээ.

 

Эх сурвалж: BBC