Уншиж байна ...

Хил орчмын бүс нутгаа хамгаалахын тулд Оросын эрх баригчид Украины фронтоос зарим хүчээ татна

Т.Давааням, ikon.mn
2024 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Байнга халдлага довтолгоонд өртөх болсон Украины хил залгаа Белгород мужийг хамгаалахын тулд фронтоос зарим хүчээ татахаар болсон тухай Кремлийн эх сурвалж Блүүмбэрг агентлагт мэдээлжээ.

Гуравдугаар сарын эхээр Украины талд байлдаж буй Оросын сайн дурын зэвсэгт бүлэглэлүүд Белгород мужийн нутаг дэвсгэрт довтолж эхэлсэн юм.

Үүний улмаас өнгөрсөн хугацаанд 20 орчим хүн алагдаж, 100 гаруй хүн шархадсан байна.

Сарын дундуур халдлага улам эрчимжжээ. Тухайлбал Белгород хот гуравдугаар сарын 16-нд хоёр удаа, 14-нд гурван удаа их буу болон агаарын цохилтод өртсөн байна.

Белгород мужийн захирагч Вячеслав Гладков 9,000 орчим хүүхдийг Калуга, Тамбов, Пенза руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаснаа зарлажээ.

Үүнээс гадна цохилтод хамгийн их өртсөн Грайворонскийн дүүргийн 600 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.

Мөн дэлгүүр худалдааны газруудыг бараагаар хангахад хүндрэлтэй байгаа тул орон нутгийн эрх баригчид гуравдугаар сарын 21-нээс эхлэн зарим хот суурин газрын оршин суугчдад үнэ төлбөргүй хүнсний багц тараахаар болжээ. Гуравдугаар сарын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөрөөс айл өрхүүдийг чөлөөлөх шийдвэр гарсан байна.

Белгород, Курск мужуудын нутаг дэвсгэрт Оросын Эрх Чөлөөний Легион, Оросын Сайн Дурын Корпус, Сибирийн Батальон гэсэн зэвсэгт бүлэглэлүүд байлдааны ажиллагаа явуулж байгаа юм.

Өчигдөр сайн дурынхны эзэлсэн Белгород мужийн Козинка тосгоныг Оросын арми бөмбөгдсөн тухай Германы BILD сонин мэдээлжээ.

Оросын бөмбөгдөгч онгоцнууд ФАБ-500 төрлийн хүчтэй бөмбөг хаясан тул тосгон бараг сүйрсэн тухай гэрчүүд мэдээлж байна.

Тухайлбал цэрэг дайны сэдвээр бичдэг блогчин Алекс Паркер “Козинка тосгон үнэндээ байхгүй болсон. Бүрэн бүтэн ганц ч байшин үлдсэнгүй. Хил орчмын бусад тосгон сууринуудыг ч ийм хувь заяа хүлээж байж болзошгүй” гэж бичжээ.

Сүүлд ОХУ-ын батлан хамгаалах яам Козинка тосгоныг “хорлон сүйтгэгчдээс бүрэн цэвэрлэсэн” гэж мэдээлсэн юм.

Агаарын цохилтын үеэр дайсны 650 орчим цэрэг, хоёр хуягт байлдааны машин, Чехэд үйлдвэрлэсэн “Vampire MLRS” хоёр байлдааны машиныг устгасан тухай уг мэдэгдэлд дурджээ.

 

Эх сурвалж: Bloomberg