Уншиж байна ...

Б.Оюутболд: Сөрөг хөдөлгөөн хийхэд түгжрэл багасаж байвал тогтмолжуулах саналаа хүргүүлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохицуулалттай холбогдуулан Тээврийн Цагдаагийн Албанаас өнөөдөр Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тус хурлын үеэр ТЦА-аас 17:50 цагт Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөнийг гурван эгнээ болгож, хойноосоо урагш чиглэлд явуулахад 18:40 цагийн үед ямар нэгэн байдлаар энгийн үеэс эрс өөр, ачаалал багассан. 

Мөн өнөөдөр 08:26 цагт Улаанбаатар хот руу орж ирэхэд хамгийн их ачаалал үүсгэдэг цэг болох Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжны орчимд ямар нэгэн замын ачаалал байхгүй болсон хэмээн мэдээлсэн юм. 

Үргэлжлүүлэн ТЦА-ны дарга Б.Оюутболд оргил ачааллын үед замын сөрөг хөдөлгөөнийг тогтмолжуулах талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Цагдаагийн байгууллага хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд ачаалал үүсэж буй цэгүүдэд эсрэг чиглэлийн хөдөлгөөнд тээврийн хэрэгслийг оруулах ажлыг хийж байгаа. 

Ачаалал үүсгэж буй Чингисийн өргөн чөлөө болон Олимпын гудамжны замын хөдөлгөөнд өчигдөр орой, өнөө өглөө минут бүрээр нь зураг авалт хийсэн. Энэ зураг авалтын хариу маргааш гарна. 

Хэрэв иргэдэд боломжтой, ямар нэгэн байдлаар богино хугацаанд сөрөг хөдөлгөөнийг хийж түгжрэл багасвал тогтмолжуулах чиглэлээр төрийн захиргааны байгууллагад саналаа хүргүүлэхээр ажиллаж байна. 

Өнөө өглөө Чингисийн өргөн чөлөөгөөр хойноосоо урагшаа, Олимпын гудамжаар урдаасаа хойшоо чиглэлд 4,000 орчим тээврийн хэрэгслийн зорчсон. Харин 18:00-19:00 цагт 5,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог.

Энгийн үед 380-400 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа нь Улаанбаатар хотод байх ёстой хэмжээнээс 1.9 дахин илүү байна. 15-20 км/цаг явах ёстой хөдөлгөөний эрч багасаж 5-10 км/цаг болдог. Өглөөний зураг авалтаар ийм асуудал байгаагүй" хэмээн ярив.