Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Масамичи Митани: Дулаан солилцууртай гэрт угаартах эрсдэлгүй

ikon.mn
2024 оны 1 сарын 29
Сурталчилгаа

Япон улсын иргэн Масамичи Митани нь 1979 оноос хойш Ази, Африкийн орнуудын нисэх буудлын барилга байгууламжийн бүтээн байгуулалтад механик инженер мэргэжлээрээ ажилласан туршлагатай бөгөөд манай улсын “Чингис хаан” нисэх буудлын бүтээн байгуулалтад гар бие оролцсон инженер юм.

Тэрбээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шийдэл боловсруулснаа уншигчдад танилцуулж байна.

зураг
 

- Та Монгол улсад хэзээ, ямар зорилгоор ирсэн бэ? Мөн өөрийгөө танилцуулахгүй юу?

- Би 2009 онд Улаанбаатарт ирж амьдран, Монголын механик инженерүүдтэй хамтарч “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын зураг төслийг боловсруулан, барилгын талбайн хяналтыг хийсэн юм. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ажил дуусаад нутагтаа буцаж очиход Японы Элчин сайдын яам, Монгол-Японы төв, Жайка ОУ-ын байгууллагаас Улаанбаатарын агаарын бохирдлыг багасгах арга зам байгаа эсэх талаар надад хандсан.

Энэ асуудлын талаар 2019 он хүртэл маш их судалгаа хийлээ. Судалгааныхаа үр дүнд агаарын бохирдлыг багасгах аргыг олж, Япон болон Монгол улсад шинэ бүтээлийн патентаа Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн. Ингээд 2018 оноос хойш хийсэн туршилтуудын  үр дүнд галлагаанд ашиглагдах нүүрсний хэмжээг ердийн зуухтай харьцуулахад хоёр дахин бууруулах боломжтойг баталсан.

Яг одоо би Улаанбаатарт “Митани Золо Теч” ХХК-аа байгуулаад, хүн бүрд өөрийн бүтээлээ танилцуулахаар шаргуу ажиллаж байна.

зураг
 

- Монголын агаарын бохирдлын гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?

- Нүүрс түлсэн зуухнаас гарч буй утаанд агуулагдах хорт хийнүүд агаарыг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Миний гол зорилго бол нүүрс шатаах үед ялгарах утааны хэмжээг хэрхэн бууруулах талаар олж мэдэх явдал байсан.

Агаарын бохирдлыг бууруулах нэг арга бол зуухнаас ялгарч буй хийг шүүх. Хоёр дахь арга бол утааны хийн хэмжээг багасгах явдал. Үүний тулд зууханд түлдэг нүүрсний хэмжээг багасгах нь хамгийн зөв шийдэл юм.

Галлагаанд ашиглагдах нүүрсний хэмжээг багасгахын тулд гэрийг гурван талаас нь сайжруулах судалгаа, туршилт хийсэн. Эсгийний хооронд нийтлэг ашиглагддаг гялгар цаасыг хавчуулж, тусгаарлагчийн гүйцэтгэлийг сайжруулсан. Өөрөөр хэлбэл, эсгий дундуур хүйтэн агаар орохоос сэргийлж битүүмжлэл сайжирна. Дараа нь гэрийн дотор талд буюу хана, унины гадна талд хамгаалалтын, дулаан ойлгодог материалаар дулаалсан.

Дулаан ойлгодог материал нь нүүрсний зуухнаас гарч буй дулааныг хана, дээврээс буцаагаад ойлгоно. Энэ нь цацрагийн дулааныг гадагш алдахаас сэргийлж байгаа юм. Туршилтын үр дүнгээс үзэхэд гаднах агаарын температур -20 хэм хүртэл буурахад хэрэглэсэн нүүрсний хэмжээ уламжлалт зуухтай харьцуулахад хоёр дахин багассан. Ашигласан нүүрсний хэмжээ хоёр дахин багассан учраас агаарыг бохирдуулдаг хийн хэмжээ ч мөн хоёр дахин багасна гэсэн үг. Манай сайжруулсан гэр ерөнхийдөө ийм зарчимтай.

- Монгол улсад угаарын хордлогын улмаас жил бүр олон хүн харамсалтайгаар нас бардаг. Таны боловсруулсан технологи нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогын эрсдэлийг бууруулна гэсэн үү?

- Сайжруулсан гэр дулаан буюу агаар солилцууртай. Хэрэв Монгол гэрт дулаан солилцуур ашиглавал угаарын хордлогын улмаас хэн ч амь насаа алдахгүй. Та бүхэнд тайлбарлая. Би янданд суурилуулдаг, гадна агаарыг гэрт бүлээсгэн нэвтрүүлэгч, цилиндр хэлбэртэй дулаан солилцуур зохион бүтээсэн юм. Ингэснээр зууханд байгаа нүүрс шатах үед цилиндр яндангаар дамжин гэр доторх агаар гадагшилдаг.

Гэр бүхэлдээ битүүмжлэлтэй тул гэрээс гарч буй агаарын хэмжээтэй тэнцэх хэмжээний гаднах агаар дулаан солилцуураар дамжин өнгөрч, энэ үед яндангийн гаднах дулаанаар бүлээсэн, гэрт орж ирнэ. Жишээлбэл, хоосон вискиний шилний (гэр) тагийг нь аваад амыг нь (яндан) дээш харуулан усанд (гадаа) дүрвэл гадагшилсан агаартай тэнцүү хэмжээний ус (гадна агаар) шилэнд дүүрдэгтэй ижил зарчимтай юм. Гэрийн гадна болон дотор агаарын урсгал тасралтгүй эргэлдэх учраас хүмүүс нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогын улмаас үүсэх эрсдэлд өртөхгүй. Нүүрстөрөгчийн дутуу ислийг хэмжигч төхөөрөмж ашиглан хэмжсэн бөгөөд бүрэн аюулгүй болохыг туршилтаар баталсан.

- Угаарын хордлогыг бууруулах энэ технологийг Монголд нэвтрүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ? Та үүнийг хэрхэн шийдсэн бэ?

- Энэ технологио эхлээд уламжлалт зуухан дээр туршсан. Сайжруулсан гэрийн янданд дулаан солилцуур суурилуулаад уламжлалт зуух тавихад шаталтын температур өндөр, яндангийн эргэн тойрон дахь агаарын температур ч өндөр, дээшлэх агаарын урсгал нэлээд хүчтэй байсан. Яндангийн дээд хэсэгт байрлуулсан дулаан солилцуур гаднаас агаар оруулахыг оролддог боловч яндангийн эргэн тойронд дахь, доороос дээш гарч буй хүчтэй агаарын урсгал нь гаднах агаар ороход хүндрэл учруулж байсан. Яндангийн хэлбэрийг өөрчлөх туршилтууд хийсэн ч амжилттай байгаагүй. Энэ үед З.Золжаргал инженерийн зохион бүтээсэн утаа гаргадаггүй, уугьдаггүй Ариунгал зуухтай танилцаж, энэ зуухтай хосолсон туршилт хийж эхэлсэн.

Ариунгал зуухны онцлог нь шаталтын температур жигд, дулаанаа сайн түгээдэг, яндан доторх утааны температур мөн бага, яндангийн эргэн тойронд дээшээ чиглэсэн агаарын урсгал сул, бараг байхгүй. Дараа нь гэр лүү орох, дулаан солилцуураас доош чиглэсэн агаарын урсгал нь яндангийн эргэн тойронд дээш чиглэсэн агаарын урсгалаас хамаагүй хүчтэй байдаг тул гаднах агаар нь дулаан солилцуураар дамжин гэр лүү жигд нэвтэрч байсан.

Ариунгал зууханд нүүрс нэмээд өглөө сэртэл буюу 8-аас дээш цаг дулаанаа барьдаг. Туршилтаар 18 хүртэлх цагийн турш нүүрс шатаж, дулаанаа барьж байсан нь бүртгэгдсэн. Удаан хугацаанд нүүрсээ бүрэн шатаадаг онцлогтой Ариунгал зуухыг дулаан солилцуур бүхий сайжруулсан гэртэй хослуулснаар хэрэглэгчдийн жил бүр авах нүүрсний хэмжээ багасаж, хэдхэн жилийн дараа зардлаа нөхнө. Өөрөөр хэлбэл, нүүрс худалдан авах зардлыг жил бүр хоёр дахин хэмнэх боломжтой гэж бид тооцоолсон.

зураг
 
зураг
 

- Улаанбаатарын агаарын бохирдлыг сайжруулахын тулд урт хугацаанд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна вэ?

- Богино хугацааны хамгийн эхний зорилт бол зуухнаас гарах утаа болон хийн хэмжээг багасгах гэж үзэж байна. Урт хугацаандаа агаарын бохирдлоос салахын тулд хамгийн түрүүнд нүүрсийг өөр цэвэр түлшээр солих хэрэгтэй. Японд нүүрсний зуухны оронд харьцангуй аюулгүй, керосин зуух элбэг байдаг. Цахилгаан зуухны хувьд цахилгааны төлбөр өндөр гардаг учраас нийтийн халаалтын төхөөрөмж болж чадаагүй. Дараа нь хийн зуух гарч ирэв.

Анх пропан хийгээр ажилладаг хийн зуухнууд олны танил болсон ч пропан хийнээс үүдэлтэй дэлбэрэлтүүд гарч, хүмүүс аюултай гэж ойлгоод нийтээрээ төдийлөн ашиглахгүй байгаа. Үүний дараа хийн хоолойгоор дамжуулан айл бүрд байгалийн хий (LNG) нийлүүлэх, хийн халаагуурт хий холбож, халаах арга түгээмэл болсон. Энэ нь пропан хийнээс хямд тул олон орон сууц үүнийг ашигладаг хэвээр байна. Пропан хийн халаалтыг уулын мухар гэх мэт байгалийн хийн хоолой хүрэх боломжгүй алслагдсан газруудад түгээмэл ашиглаж байгаа. Шаталтын явцад үнэр гаргахгүй, агаарыг хэт бохирдуулдаггүй учраас дээрх хоёр хийн зуух хоёулаа цаашид түгээмэл хэрэглэгдэнэ гэж бодож байна. Түүнээс хойш airconditioner гэж нэрлэгддэг дулааны насосын цахилгаан халаагуурыг ерөнхий халаалтын арга болгон өргөнөөр ашиглах болсон. Үүний үр дүнд Японд агаарын бохирдол бүрмөсөн алга болсон. Энэ амжилтад нэлээн урт хугацаа шаардсан шүү.

Урт хугацаанд авах арга хэмжээ нь тухайн улсаас хамаарч өөр өөр байх болов уу. Монгол улсын хувьд аль арга нь хамгийн сайн, хамгийн оновчтой болохыг анхаарч, тооцоолж үзээд шийдэх хэрэгтэй гэж би бодож байна.

- Митани, та гэр хороололд амьдарч буй хүмүүст өөр ямар зөвлөгөө өгөх вэ?

- Би сайжруулсан гэрийг санал болгомоор байна. Энэ нь гэрийн дулаалга, битүүмжээ сайжруулахыг хэлээд байгаа юм.

Мөн гэр доторх чийгшилд би санаа зовж байна. Гэр доторх харьцангуй чийгшил 20% орчим байх нь монголчуудад таалагдаж байгаа боловч харьцангуй чийгшлийг 30%-аас 40% болгон бага зэрэг нэмэгдүүлснээр гэрт байхад илүү дулаахан, таатай мэдрэмж төрөх болно. Энэ нь чийгийг бага зэрэг нэмэгдүүлбэл ижил хэмжээний дулааныг мэдэрч, нүүрс бага хэрэглэдэг гэсэн үг. Япончуудын хувьд агаарын чийгшил 40%-аас доош ороход хоолой хатаж, амьсгалын замын үйл ажиллагаа суларч, томуунд өртөмтгий болдог. Чийгшил нь амьсгалын замын өвчний эрсдэлийг бууруулдаг давуу талтай юм.

- Та цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

- Би Ариунгалын системийг Улаанбаатар хот болон орон нутагт нэвтрүүлж, цаашлаад гадаадад дэлгэрүүлэхээр төлөвлөж байна. Япон хүний ​​хувьд Монголд хөнгөн үйлдвэрлэлийн салбар хөгжөөгүй гэж ярих нь зохимжгүй ч үнэхээр хөгжөөгүй гэж үзэж байна. Ариунгал зуухыг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. Монголдоо үйлдвэрлэснээр төмрийн үйлдвэрлэл, төмөр хавтан боловсруулах зэрэг үйлдвэрлэл эрхэлдэг олон арван хувь хүн, байгууллагын бизнес хөгжинө. Цаашлаад хөнгөн үйлдвэрээс эхлээд Монголын үйлдвэрлэл бүхэлдээ идэвхэжнэ гэдэгт итгэж байна. Би ч гэсэн энэ шилжилт, хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, хүчин чармайлт гаргахаар хичээн ажиллаж байна.

- Утааг багасгахын төлөө оюун ухаан, мэдлэг туршлага, цаг заваа зориулан ажиллаж буй Митани танд талархлаа илэрхийлье. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.