Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Ганзориг: Шахмал түлшний чанар 2021 оноос хойш муудсан нь үнэн

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сайжруулсан шахмал түлшний орц, найрлага, барьцалдуулагч эд, үүнтэй холбоотой зөрчил маргааны талаар барьцалдуулагч эд үйлдвэрлэгч “Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал Л.Ганзориг Хэвлэлийн Хүрээлэнд өнөөдөр мэдээлэл өгсөн юм. 

Шахмал түлш муудсан нь үнэн. 2021 он хүртэл бид сайхан түлштэй байсан гэдгийг тэрбээр ярилаа. 

Энэ талаар үргэлжлүүлэн "Шахмал түлш гэдэг их эвгүй эд. Энэ бол хатуу түлш. 

Дэлхий дээр хатуу, шингэн хоёр янзын түлш бий. Хатуу түлшнээс шаталтын процессоор дулаан гаргаж авна.

Шахмал түлшний хамгийн зөв хувилбар бол зузаан нь хоёр сантиметр байх ёстой. Зузаан, нимгэнийг стандартын дагуу байлгах асуудлыг маш хатуу барих шаардлагатай ч "Тавантолгой түлш" компанийн гаргаж буй түлш маш зузаан байна.

Нуулгүй хэлэхэд үйлдвэр, технологийн маш их алдаатай болсон" гэдгийг ярилаа. 

Тэрбээр "2019 онд Өвөрхангай аймгийн Баянтээгийн уурхай дээр барьцалдуулах материалын үйлдвэр. барьсан. Одоо ажиллаж байгаа.

Баянтээгийн үйлдвэр зөвхөн аймгийнхаа хэрэгцээнд улаан буудайгаар цавуугаа хийгээд шахмал түлшээ үйлдвэрлэдэг.

Өвөрхангай аймагт шахмал түлшнээс угаартаж, хүн хордсон тохиолдол гарсан уу? Бүхэл бүтэн нэг аймаг хэрэглээд ганц ч хүн угаартаагүй явж байна. 

Шахмал түлш муудсан нь үнэн. 2021 он хүртэл сайхан түлштэй байсан" гэлээ. 

Шахмал түлшний найрлагатай холбоотой сэтгүүлчдийн асуултад "Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал Л.Ганзориг нэмж дараах хариултыг хэллээ. 

"Зузаан хэмжээтэй, нягт ихтэй үйлдвэрлэж байгаа учраас угаарын хийн хуяг үүссэн" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав


Сэтгүүлч: 2021 оноос хойш сайжруулсан шахмал түлшний найрлага өөр болсон гэж та хэллээ. Чухам юу нь өөр болсон юм бэ, тодорхой хэлнэ үү?

Л.Ганзориг: Шахмал түлш нь даралтаас үүсдэг. Хэвлэх, дарах хоёр ажиллагааны өмнө холих шаардлагатай. 

Өөрөөр хэлбэл нунтаг болгох ажил шахмал түлшний бат бэх чанарт шууд нөлөөлдөг. Муу нунтагласан нүүрсээр шахвал үүрч унана. Хамгийн гол асуудал нь түлш маш их зузаан байна. Хоггүй гаргахын тулд өндөр даралтаар хүчтэй шахаж байна. Улмаар их нягт үүссэн учраас түлшний дотор тал нь шатахгүй, угаарын хийн хуяг үүсээд дотор талд нь уугиад байна.

2019, 2020 онд дандаа цардуулан суурьтай цавуу хэрэглэж байсан.

Дэлхийн бусад улс орнууд шахмал түлш гарган авахдаа наалдамхай цардуулыг эрдэнэ шиш, цагаан төмс зэрэг ургамлаас гарган авдаг. Химийн аргаар гаргаж авсан цардуулыг хэзээ ч хэрэглэдэггүй. Яагаад гэвэл аюултай. 

Сэтгүүлч: Барьцалдуулагч материалыг юугаар хийх хэрэгтэй вэ? 

Л.Ганзориг: Монгол Улсын хувьд эрдэнэ шиш, цагаан төмс зэргээс цардуул гаргаж чадахгүй. Эцсийн бүлэгт улаан буудайгаас цардуул гаргаж авах тухай судалгаа тайлангаа "Тавантолгой түлш" компанид өгсөн.

Шахмал түлшний барьцалдуулах материалын үйлдвэр барь гэж төрөөс тогтоол шийдвэр гарч 10 га газар олгоод дэд станц барих ажил эхэлсэн. Өнөөдрийн тухайд барьцалдуулах материалыг “Тавантолгой түлш” компанид нийлүүлэх сонирхол надад байхгүй. Энэ маш нарийн учиртай.

Нөгөө муу юмтайгаа хольсон түлш, улаан буудайгаар барьцалдуулсан түлш хоёр хүмүүст ялгаж мэдрэгдэхгүй. 

Түүнчлэн миний хувьд хагас коксыг 100 хувь дэмждэг. Гэхдээ Хятад улсаас айлын зууханд түлэх хагас кокс авна гэдэг хэцүү. Үүнийг дотооддоо үйлдвэрлэх ёстой.