Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлчүүдийн 72% метро нэвтрүүлэх саналтай байна. Олон улсын тендерийг ирэх оны нэгдүгээр сард багтааж зарлана"

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод метроны төслийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарсныг Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ. 

Тэрбээр "Олон улсын нээлттэй тендер зарлах замаар нийслэлд метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шийдвэр гарсан.

Их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулахдаа 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллын санхүүжилтээр хийгдсэн метроны урьдчилсан Техник Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ)-ийг үндэслэж хийнэ. 

Engineering, Procurement, Construction (EPC)-ыг олон улсын нээлттэй тендерээр ААН, байгууллагыг сонгон шалгаруулж, бариулах, түүнд хяналт тавих, зөвлөх үйлчилгээнд хамтад нь олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулах эрхийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өглөө.

Одоогоос 19 жилийн өмнө метро байгуулахтай холбоотой ажил яригдаж, ажлын хэсгүүд байгуулж байжээ. Энэ бүх материал дээр үндэслэж, EPC нөхцөлөөр баригдах тендерийн бичиг баримт, түүнд өгөх ажлын даалгавруудыг боловсруулахаар төлөвлөж байгаа" гэлээ. 

Метро барих төсөл, суурь судалгаа хийгдсэн дараалал: 

  • 1983 онд Улаанбаатар хотын газрын хөрсний нарийвчилсан шинжилгээг тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэд хийж байсан.
  • 2005 онд Азийн Хөгжлийн Банкнаас нийслэлийн хүн амын нягтаршил, суурьшил их болж байгаатай уялдаж масс тээврийн хэрэгсэл буюу метроны төслийг хэрэгжүүлэх анхны суурь судалгаа хийгдсэн.
  • 2009 онд хотын ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний судалгаа боловсруулах ажлын хүрээнд дэд бүтцийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын судалгааны жагсаалтад орж байсан.
  • 2010 онд хотын нийтийн тээврийн хөгжлийн төслийн талаарх судалгааг Азийн Хөгжлийн Банк хийсэн.
  • 2011 онд "Сүүсонго инженеринг ба Сөүл метро" гэх нэртэй Солонгосын байгууллага анхны метроны урьдчилсан ТЭЗҮ-ийн суурь судалгааг хийсэн.
  • 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн. 

Иймд дээрх урьдчилсан ТЭЗҮ-д үндэслэн метроны гүйцэтгэгчийг зураг төсөвтэй, түлхүүр гардуулах нөхцөлөөр хийх тендерийг ирэх оны нэгдүгээр сард багтааж зарлахаар төлөвлөж байгааг Хотын дарга Х.Нямбаатар хэллээ. 

Метро барих урьдчилсан ТЭЗҮ дараах гурван хувилбартай: 

Эхний  хувилбар: ЖАЙКА олон улсын байгууллага өөрсдөө зээлийн санхүүжилтээр хийвэл ойролцоогоор 1.7 тэрбум ам.доллароор санхүүжүүлэх.
Хоёрдугаар хувилбар: Олон улсын нээлттэй тендер, өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар нэгдүгээр шугамыг хийсэн тохиолдолд 1.3 тэрбум ам.долларт багтаж гүйцэтгэгчид санал өгөх боломжтой.
Гуравдугаар хувилбар: Манайх өөрсдөө төслийн менежментээ хийгээд зөвлөхүүд авч ажиллуулбал 1.5 тэрбум ам.доллароор гүйцэтгэх боломжтой талаарх урьдчилсан ТЭЗҮ гарсан.

Энэ талаар "Бид хоёрдугаар хувилбарыг сонгож байгаа. Өөрөөр хэлбэл олон улсын өрсөлдөөнөөр нээлттэй тендер зарлах аргыг сонгож байна.

2007 онд ЖАЙКА олон улсын байгууллагаас Улаанбаатарчуудын 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байна гэж судалсан. Харамсалтай нь энэ тоо өнөөдөр 30 хувьд хүрэхээ больжээ. Энэ нь нийтийн тээврийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж чадаагүй, тээвэр зорчилт, хөдөлгөөний зохицуулалт зэрэгтэй холбоотой.

Дэлхийн томоохон хотуудад нийтийн тээврээр нийт иргэдийнх нь 60 орчим хувь нь зорчдог. Гэтэл манайд эсрэгээрээ иргэдийн 50 орчим хувь нь хувийн машинаар зорчиж байгаа" гэлээ. 

Түгжрэл бууруулахад иргэдээс хамгийн их дэмжлэг авсан саналууд: 

  • Гэрийн ойролцоо сургууль, цэцэрлэг шинээр барьж хүрэлцээг нэмэгдүүлбэл түгжрэл буурна гэж 76 хувь
  • Томоохон зах худалдааны төвүүдийг дэд төвүүдэд тархаан байрлуулах замаар түгжрэлийг бууруулах боломжтой гэж 72 хувь
  • Метро буюу их багтаамжийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар 72 хувийн санал авсан.

Мөн нийтийн тээврийн парк шинэчлэл, ухаалаг гэрэл дохионы зохицуулалтын ажлууд чухал байгааг тэрбээр ярилаа. 

Үргэлжлүүлэн "Монгол Улсад хөгжүүлэх шаардлагатай нийтийн тээврийн үйлчилгээний хамгийн эхэнд метро, автобус голлох салбар байх ёстой гэх саналыг иргэд өгсөн.

2040 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд метроны нэг, хоёрдугаар шугамын асуудал санал байдлаар тусгагдаж байгаа.

УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцүүлэхээр орсон байгаа. Одоо гадаадын зөвлөх үйлчилгээ авч ажиллуулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаад ажиллаж байна.

Өнөөдөр зарлах гэж байгаа метроны тендерийн ажил бол нийт урт нь 17.7 километр, үүнээс газар доогуур хийгдэх туннель байгууламжаар метроны шугам явагдах хэсэг 6.6 километр, зүүн дөрвөн замаас зүүн тийш 4.9 километр, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 километр байхаар төлөвлөж тендерийн ажлын даалгавраа боловсруулж зарлах гэж байгаа.

Шинэ бүтээн байгуулалтын ажлын хэсгийнхэн судалгаа хийж байгаа. Бид ажлын даалгавар боловсруулах явцаа ТЭЗҮ-д гарсан өөрчлөлтүүд хэрхэн үнэ ханшид нөлөөлж байгаа талаарх судалгааг хийсний үндсэнд EPC нөхцөлөөр тендер зарлана.

Ажлын даалгавар боловсруулахад илүү анхаарна. Үүнийг боловсруулахад зөвхөн дотоодын боловсон хүчний хуримтлуулсан туршлага хүрэлцэхгүй учраас гуравдагч орны төслийн менежментийн багийг авч ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа" гэлээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/386669637266972