Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хувь хүний алдагдсан нүцгэн зураг, бичлэгийг устгаж өгдөг компани Өмнөд Солонгост ажиллаж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост хувь хүний нүцгэн зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр интернэтэд тарааж, хорлодог гэмт хэрэг эрчимтэй нэмэгдэж байгаа.

Тэгвэл ингэж хэлмэгдсэн хүмүүст алдагдсан материалыг нь хайж, устгаж, нэг ёсны цэвэрлэгээ хийж өгдөг компани ажиллаж эхэлжээ.

Ийм үйл ажиллагааг бүр “дижитал угаалт” (digital laundry) гэж нэрлэх болсон байна. Тийм компаниудын нэг нь Santa Cruise. Тус компанийг 2008 онд анх компаниуд, олны танил хүмүүсийн тухай үндэслэлгүй мэдээлэл, хов живийг хянах, устгах зорилгоор байгуулж байжээ.

Гэвч сүүлийн жилүүдэд хувийн зураг, дүрсээ интернэтэд алдсан охид бүсгүйчүүдийн хүсэлтэд дарагдах болсон байна. Тэдний хэт хувийн агуулгатай материалыг хуучин найз залуу, нөхөрүүд нь өшөө авах зорилгоор тараадаг болжээ.

Зөвхөн Өмнөд Солонгост биш, дэлхий дахинд дэлгэрээд байгаа энэ үзэгдлийг “өшөө авалтын порно” (revenge porn) гэж нэрлэдэг болоод байгаа.

Santa Cruise шиг компаниуд хоногийн 24 цагийн турш хэрэглэгчдийнхээ алдсан материалыг хайж олж, устгах, нийтэлсэн сайт, хуудсуудад шаардлага хүргүүлэх ажиллагаа явуулдаг байна.

Өмнөд Солонгост 2016 онд хувийн алдагдсан видео дүрсээ устгуулах 7,325 хүсэлт бүртгэгдсэн нь дөрвөн жилийн дотор долоо дахин өссөн дүн гэж засгийн газрын тоо баримтанд өгүүлжээ.

Үүнд бас эмэгтэйчүүдийн бие засах газар, хувцас солих өрөөнд нууцаар байрлуулсан камерын бичлэгүүд орж байна. 

Эрх баригчид ийм хэрэг үйлдсэн хүмүүст оноох шийтгэлийг саяхнаас чангалж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авдаг болсон. Сүүлийн байдлаар ийм гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 6 хувь нь шоронд хоригдох ял авч, 65 хувь нь торгуулаад байгааг Солонгосын Эмэгтэй Хуульчдын Холбоо мэдээлжээ.

Гэхдээ шийтгэл нь төдийлөн оновчтой биш байгааг тэд бас хэлж байна. Тухайлбал эмэгтэй хүний нууц бичлэгийг интернэтэд тавьсан этгээд 1 сая воноор торгуулдаг бол тараасан вэб сайт нь 3 сая воноор торгуулдаг аж.

Гэтэл энэ торгуул сайтуудын зар сурталчилгаанаас олдог орлогын өчүүхэн хэсэг юм.

Одоогоор Santa Cruise компанид 140 эмэгтэй сар бүр хандаж, үйлчилгээг нь авдаг байна. “Гэхдээ хэчнээн зүтгэл гаргалаа ч ийм дүрсийг интернэтээс бүр мөсөн устгах боломж байхгүй” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Ким Хо Жин ярьжээ.

Santa Cruise-ийн үйлчилгээ харьцангуй үнэтэй. Сард 2 сая вон төлж өөрийн алдагдсан мэдээллүүдийг шүүлгэж, устгуулдаг гэнэ. Хоногийн 24 цаг тасралтгүй ажилладаг тул үнэ ийм байхаас өөр аргагүй гэдгийг Ким захирал хэлж байна.

Тэр “Заримдаа намайг үйлчлүүлэгч рүүгээ ярихад эцэг эх нь утсыг аваад охин нь нас барсныг дуулгах хамгийн аймаар” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: Japan Times