Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Ираныг сүрдүүлж, Ойрх Дорнодыг доргиолоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

2015 онд байгуулсан Ираны цөмийн хэлэлцээрт өөрчлөлт оруулж, алдаагаа засахгүй бол АНУ уг гэрээнээс гарна гэж тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.

Тэрээр ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа Ираны асуудлаар томоохон мэдэгдэл хийсэн нь энэ юм. Трамп эхлээд Ираны сүүлийн хэдэн арван жилд явуулж ирсэн бодлого, үйл ажиллагааг жагсаан шүүмжилжээ. Харин дараа нь тэр төсөөлж байсан шиг Ираны хэлэлцээрээс шууд гарах тухай ярьсангүй, харин түүнд томоохон өөрчлөлтүүдийг хийхгүй бол батлахаас татгалзана гэсэн юм.

Тэр Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг хоригийг байнгын болгож, тус улсад тавих нөхцлүүдээ чангатгахыг Конгресс болон АНУ-ын холбоотнуудад уриалжээ.

Хэрвээ түүний шаардлагыг хүлээн авч, өөрчлөлтүүдийг оруулахгүй бол олон улсын энэхүү ач холбогдолтой гэрээнээс АНУ гарна гэж Трамп зарлалаа.

“Бид Конгресстой болон өөрийн холбоотнуудтай тохиролцолд хүрч чадахгүй бол уг гэрээнээс гарна” гэж тэр хэлсэн байна.

Трамп бас өчигдөр засгийн газартаа Ираны Хувьсгалт Гвардийг (IRGC) террористуудыг дэмжигч байгууллага ангилалд оруулан шинэ хориг тавихыг даалгаснаа хэлжээ. Гэхдээ ингэхийн тулд АНУ-ын төрийн департмент IRGC-ийг эхлээд террорист байгууллагын жагсаалтад оруулах ёстой ч одоогоор ингээгүй байна.

Трампын мэдэгдлийн дараа дэлхийн улс орнууд хариу мэдэгдэл гаргаж эхэлжээ.

Тухайлбал Ираны цөмийн хэлэлцээрт хамтран оролцсон Британи, Франц, Германы удирдагч нар Трампын хүссэнчлэн гэрээнд өөрчлөлт оруулах бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Федерика Могерини уг гэрээг хүчинтэй байгаа, нэг улс дангаар үүнийг зогсоож чадахгүй гэдгийг хэлсэн юм.

Тэрээр Брюссельд сэтгүүлчдэд хэлэхдээ “АНУ-ын ерөнхийлөгч хэчнээн эрх мэдэлтэй ч ингэж чадахгүй” гэжээ.

Мөн Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн тэргүүн Юкия Амано Иран улс гэрээнд заасан үүргээ биелүүлж байгааг мэдэгдэлдээ баталсан байна.

Трампын мэдэгдлээс хэдхэн минутын дараа Ираны ерөнхийлөгч Хассан Рухани телевизээр ард түмэндээ хандаж мэдэгдэл хийжээ.

Тэр “Өнөөдрийн бидний сонссон үгс бол сүүлийн 40 жил улиг болтлоо сонссон үндэслэлгүй, доромж ярианы үргэлжлэл байлаа. Үүнд ямар ч шинэ зүйл байсангүй. Ийм утгагүй зүйл ярьснаараа тэр манай ард түмнийг улам нэгдэн нягтруулж байна” гэсэн юм.

Рухани өөрийн улс орноо батлан хамгаалахын тулд баллистик пуужин бүтээх ажиллагаагаа үргэлжлүүлэхээ амлаж, өнөөдрөөс эхлэн хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлнэ гэжээ.

Харин Трампын хэлсэн үгийг Израйль, Саудын Араб улсууд талархан хүлээж авчээ. Тэд бол Ойрх Дорнод дахь Ираны гол өрсөлдөгчид юм.

Ийнхүү Дональд Трамп Ойрх Дорнодод энх тайвныг тогтоох гэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг талаар болгох аюултай алхам хийлээ.

 

Эх сурвалж: The Guardian