Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд үйлдвэрлэгдсэн анхны бэлэн хоол “СоСо”-г дэмжиж, худалдан авахыг уриаллаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
 

Монголын анхны бэлэн хоол үйлдвэрлэгч Дабльхилл ХХК-иас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд “СоСо” нэртэй бэлэн хоолыг эх орондоо үйлдвэрлэж хэрэглэгчдийн гарт хүргэж эхэлжээ. Үйлдвэрлэгчид шинэ бүтээгдэхүүнээ импортыг орлох, эрүүл мэндэд тустай, чанартай бүтээгдэхүүн гэж тодорхойлсон юм.

Дабльхилл ХХК-ийн захирал Ш.Төмөрсүх “Монголдоо анх удаа ямар ч химийн элементгүй ямар нэгэн нэмэлтгүйгээр улаан буудайн гурилаар “СоСо” брэндийн бэлэн хоолыг ууттай, аягатай гэсэн хоёр төрлөөр үйлдвэрлэж эхэллээ.

“СоСо “ брэндийн бэлэн хоол нь ямар ч химийн элементгүй өнгө будаг амт оруулагч, утаа гаргагч, хөөсрүүлэгч ашиглаагүй генийн өөрчлөлтгүй, ходоодонд муу нөлөөгүй ясны шөлтэй шууд идэж болохоор Монгол аргаар технологийг нь шийдсэн нь гадны ижил төрлийн бэлэн хоолноос хол давуу талтай, эх орны улаан буудайгаар хийсэн 100 хувь ЭКО бүтээгдэхүүн юм.

Бид өнөөдрийн хурлаар 

  • УИХ, ЗГ-ыг үндэсний “СоСо“ брэндийг дэмжиж хамтарч ажиллахыг,
  • Бүх дэлгүүр, супермаркетуудыг лангуугаа гадны бэлэн хоолоор биш үндэсний брэнд болох “СоСо“бэлэн хоолоор дүүргэхийг,
  • “СоСо“ бэлэн хоолны үйлдвэрийг дагалдаж аяга, таг, шошго, сэрээ, уут, хайрцаг, дөрвөн төрлийн амталгаа гэх мэт 9 жижиг үйлдвэрлэл явагдах боломжтой. Иймд бие биенээ дэмжиж хамтарч ажиллахыг уриалж байна” гэв.

Монгол бэлэн хоолны үйлдвэр нь хагас автомат бөгөөд нэг дор 13-26 хүн ажиллах боломжтой. Бүрэн хүчин чадлаараа өдөрт 25 мянган бэлэн гоймон үйлдвэрлэх боломжтой юм байна.

Тэд ууттай бэлэн хоолоо 1,150 төгрөгөөр, савтай бэлэн хоолоо 1,750 төгрөгөөр худалдаалж байгаа аж.  

 
 

"СоСо" брэндийн бэлэн хоол нь үхрийн мах, ясны шөлтэй гэсэн хоёр төрөл байгаа бөгөөд цаашид хөмөл таанатай, борцтой, сүүлтэй, шашликтай гэх мэтээр өргөжүүлэн үйлдвэрлэх юм байна.