Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгор аймгийн иргэд мэс засалд орохын тулд заавал нийслэлийг зорих шаардлагагүй боллоо

ikon.mn
2017 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Баянхонгор аймагт өчигдрөөс эхлүүлэн Дурангийн мэс заслыг нэвтрүүлээ. Дурангийн хагалгааны орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас шийдвэрлэж, хүлээлгэн өгсөн гэдгийг нээлтийн ёслолд оролцсон ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат дурдлаа.

ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн багийнхантайгаа тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эхний хагалгааг өөрөө гардан хийсэн. Харин хоёр дахь хагалгааг ХСҮТ-ийн эмч нарын удирдлага дор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар гардан гүйцэтгэж буй үйл явцтай танилцлаа.

Баянхонгор аймгийн уугуул хоёр иргэн энэ өдөр цөсний хагалгаанд амжилттай орж, зовиур шаналалгүй болгосон эмч нарт талархаж буйгаа илэрхийллэв. Ингэснээр дурангийн мэс заслыг хамгийн түрүүнд орон нутагт нэвтрүүлж буй анхны аймаг Баянхонгор болж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд илүү ойртов. Тодруулбал, Баянхонгор аймаг дурангийн мэс заслын тасагтай болсноор гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг үзлэг оношлогоо, мэс заслыг иргэд орон нутагтаа авах боломж бүрдэж байгаа юм. Нээлттэй мэс засал хийлгэсэн хүмүүс хагалгааны дараа долоо хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай бол дурангийн мэс засал хийлгэснээр 2-3 хоног эмнэлэгт хэвтдэг зэрэг эмчилгээний хувьд олон давуу талтайг эмч нар хэлж байлаа.

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийг шилэн кабельтай холбох шаардлагатай

 

Нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг богино хугацаанд салбар яамнаас нийлүүлснээр дурангийн мэс заслыг аймгийнхаа эмнэлэгт хийдэг болж, иргэдэд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээнд дэвшил гаргахад хамтарч ажилласан холбогдох албаныханд талархаж буйгаа тус аймгийн Мэс заслын тасгийн гавал тархины мэс заслын эмч Б.Лхамсүрэн хэллээ.

Иргэд мэс засалд орохын тулд заавал нийслэлийг зорьж, хугацаа алдах шаардлагагүй, телемицнээр холбогдож, зөвлөгөө авах бүрэн боломжтой гэдгийг ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн хэллээ. Тэрбээр юун түрүүнд аймгийн нэгдсэн эмнэлгийг шилэн кабельтай холбох шаардлагатайг холбогдох дарга нарт уламжиллаа.

 

Эх сурвалж: ЭМЯ