Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Есөн дүүргийн 500 орчим залуу чууллаа

ikon.mn
2017 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн 8 дугаар сарын 25-ны өдрийг Монголын Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас 9 дүүргийн Гэрбүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүдийн хамт “Эерэг амьдарцгаая, Залуучууд аа!” сэдэвт уулзалтыг өнөөдөр Монголын Хүүхдийн ордны их танхимд 15-39 насны 500 орчим залуучуудын оролцоотойгоор зохион байгуулж байна. 

Энэхүү уулзалтыг залуучуудын амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэх, хотын хөгжил, нийслэлийн бүтээн байгуулалтад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэлзүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг эерэгээр өөрчлөх, залуучуудад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бололцоог нэмэгдүүлж, улмаар шийдвэр гаргах түвшинд залуучуудын дуу хоолойг хүргэх зорилгоор зохион байгуулж байна. 

Нээлтийн үеэр Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Энэ жилийн Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан залуучуудын эерэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Эерэг бодолтой, мөрөөдөлтэй, зорилготой, энэрэнгүй бусдыг хайрлах сэтгэлтэй залуучууд болгох илтгэлүүд, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль” болон “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” зэргийг таниулан сурталчлах арга хэмжээг зохион байгуулж байна.

Улс орны хөгжлийн тулгуур багана болсон залуучуудын хөгжлийг дэмжих, тэдний хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь нийгмийн хөгжлийн гарц, үр дүн болох төдийгүй ядуурлаас ангижрах, ажилгүйдлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн томоохон эерэг өөрчлөлтийг дагуулна.

Залуучуудын эрхийг хангах, залуучуудын бодит оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын байгууллагуудыг үндэсний хэмжээний үйл ажиллагаанд татан оролцуулах, үйл ажиллагааг нь дэмжих, залуучуудын амьдралын чанарыг дээшлүүлэх, хэрэгцээ, шаардлага бидэнд байна. Залуучууд та бүхний хариуцлага, оролцооноос олон зүйл шалтгаална” гэж онцлов. 

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир "Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар залуучуудын хөгжих, боловсрох, төлөвших боломж бололцоо, бүх шатан дахь залуучуудын бодит оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын байгууллагуудыг үндэсний хэмжээний үйл ажиллагаанд татан оролцуулах, залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаануудыг дэмжих чиглэлээр ажиллаж байна.

Мөн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Залуучуудын хөгжлийн төв”-ийг  байгууллаа.  Тус төвд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /KOICA/-ийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч "MKIT" сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж гадаад болон дотоодод өндөр цалинтай ажилд орж, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх бололцоо бүрдэж байна. Энэхүү Залуучуудын хөгжлийг дэмжих төв нь хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт бүхий 80 компьютертэй сургалтын 3 танхимтай, мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, бойжуулах, улмаар бизнесийн гарааг нь дэмжих бололцоотой цогц шийдэл юм. 

Энэ төвд залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн чиглэлээр сурган, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай сайн боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор  нарийн мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй  явуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Одоогийн байдлаар БНСУ-д  шилдэг сайн суралцсан 4 залууг БНСУ-д мэдээллийн технологийн чиглэлээр дадлагажих ажилтнаар явуулаад байна. Энэ жилдээ багтаж 20 залууг нэмж шалгаруулах бөгөөд цаашид энэ үйл ажиллагааг улам бүр өргөжүүлэн Япон, Энэтхэг, Солонгос, Тайвань зэрэг улс, орнуудаас аутсорсинг захиалга авч гүйцэтгэх бололцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллана.

“Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн дэргэд “Бизнес инкубатор төв”-ийг нээн ажиллуулж залуучуудыг бизнес эрхлэх бодит бололцоогоор хангах орчин бүрдүүллээ.  

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар нь нийгэмд давамгайлсан сөрөг уур уурь амьсгалыг эерэгээр өөрчлөх зорилгоор “Эрдэнэ 5” Төрийн бус байгууллагатай хамтран “Эерэг амьдарцгаая залуучууд аа!” аян хэрэгжүүлж байна. Тус аяны хүрээнд одоогоор 5,000 гаруй залуу хамрагдаад байгаа. Цаашид энэ эерэг сэтгэлгээ, эерэг хандлагын талаарх сургалтуудыг нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна" гэлээ.  

 

Эх сурвалж: Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар