Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Поп од Ариана Гранде Өмнөд Солонгосын үзэгчдийг гомдоожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост хийсэн анхны тоглолтоо Америкийн поп од Ариана Гранде тааруухан үнэлгээтэй дуусгалаа.

Дэлхийг тойрон хийж байгаа “Dangerous Woman Tour” аялан тоглолтынхоо ээлжит зогсоол болох Сөүл хотод тэр Даваа гарагийн орой ирэх ёстой байсан боловч нэг хоног хойшилж, Мягмар гарагт тоглолт эхлэхээс ердөө 3 цагийн өмнө буусан байна. Ингэснээр тоглолтын өмнөх бэлтгэл, фэнүүдтэй уулзаж, мэндлэх арга хэмжээнүүд цуцлагдан, 650,000 воны ($579) ВИП тасалбар авсан үзэгчид хохирчээ.

Мөн дуучин өөрийн Инстаграм хуудсанд нисэх онгоцны буудлын ариун цэврийн өрөөнд хоолойны дасгал хийж байгаа дүрс бичлэгээ оруулсан нь Солонгосчуудыг улам ихээр бухимдуулсан байна. Тэд Арианаг ямар ч бэлтгэлгүйгээр тайзан дээр гарсныг мэдэж, хоёр нүүр гаргасан хэмээн шүүмжилцгээж байгаа юм. Учир нь тэр Сөүлд ирэхээсээ өмнө Японд тоглохдоо хоёр хоногийн өмнө очиж, бэлтгэлээ хийсэн ажээ.

Дуучин бүсгүй мөн тайзан дээр тун хайнга байсан нь үзэгчдээ гомдоосон байна. Тэр тайзан дээр 10 минут хоцорч гарч ирээд уучлалт гуйгаагүй бол тоглолт дуусмагц ямар нэг дахилтгүйгээр орхин явж, тэр оройдоо яаран Тайванийг зорьсон нь Өмнөд Солонгост ердөө долоон цаг саатсан гэсэн үг юм.

Тоглолтын 20,000 тасалбар бүрэн зарагдсанаас ВИП тасалбарыг Грандегийн менежмэнтийн компаниас шууд зарсан тул Өмнөд Солонгосын хохирсон үзэгчид төлбөрөө буцааж авах асуудал яригдаж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: Korea Times