Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

"ҮХ-ийн өөрчлөлтөд ЕРӨНХИЙЛӨГЧИЙН бүрэн эрхтэй холбоотой заалт багтах үндэслэлгүй"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 8 сарын 4
iKon.MN

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа сунах эсэх, төрийн тэргүүнийг ард түмэн биш парламентаас сонгодог болох талаар мэдээлэл гараад байгаа. 

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил болохыг иргэд дэмжээгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар Үндсэн хуулийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүн МУИС-ийн багш Ц.Сарантуяагаас тодруулахад "Ард нийтийн хэлэлцүүлгээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх, парламентаас сонгодог болохыг иргэд дэмжээгүй.

Тиймээс энэ асуудал цаашдаа сөхөгдөх учиргүй.

Хэрвээ сөхөх байсан юм бол ард түмнээрээ хэлэлцүүлээд байх шаардлаггүй байсан" гэв. 

Манай улс 1992 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байсан. Үүнээс хойш олон жил маргаантай явсан уг асуудлыг эцэслэж, энэ оны хоёр дугаар сард Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсанаар уг хуульд оруулах өөрчлөлтийн ажил эхэлсэн билээ. 

Үүний дагуу зөвлөлдөх санал асуулгыг орон даяар, Төрийн ордонд  дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн дүнд иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 6 багц сэдвийн хүрээнд саналаа өгсөн юм. 

Уг сэдэвт ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудал ч багтсан. Харин үүнийг иргэд дэмжээгүй гэдгийг хуульч хэлж байна. 

Иймээс хуулиараа бол зургаадугаар сарын 05-наас есдүгээр сарын 10-ны хооронд явагдаж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгээр уг асуудал дахин яригдахгүй учиртай аж.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой заалт багтах үндэслэлгүй.

Харин манайхан юуг ч дураараа шийддэг болохоор өөрчлөлт орохыг үгүйсгэх аргагүй юм гэж хуульч Ц.Сарантуяа тайлбарлалаа.