Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Сарантуяа: Иргэд тогтвортой төрийн албаар цангасан байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулгын дүн гарч зөвлөлдөх зөвлөлийн гишүүд санал асуулгаас гарсан зөвлөмжийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн барьсан. Зөвлөлдөх санал асуулгын сэдэв, Зөвлөлдөх зөвлөлийн гаргасан зөвлөмжийн товч агуулгын тухай Үндсэн хуулийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүн МУИС-ийн багш Ц.Сарантуяатай  ярилцлаа.

Засгийн газрын гишүүн давхар алба хаших нь ажил цалгардуулна гэж үздэг

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулга ямар онцлогтой болж өнгөрөв?

-Манай улс 2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуультай болсон. Одоо үйлчилж буй Үндсэн хуульд 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулахад үүнийг зохицуулсан хууль байгаагүй.

Тэр үед нэмэлт өөрчлөлтийг намууд тохиролцож ард түмнийг оролцуулалгүй хийсэн байдаг.

Энэ оны эхэнд Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль мөн шинээр батлагдсан.

Үндсэн хуулийн зарим зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахад Зөвлөлдөх санал асуулга заавал явуулахаар уг хуульд заасан байна.

Саяны явуулсан Зөвлөлдөх санал асуулга дээрх хоёр хуулийг хэрэгжүүлж буй анхны тохиолдол байлаа.

Улсын Их Хурал нь Зөвлөлдөх санал асуулга явуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар шийдвэр гаргахын өмнө иргэдээс саналыг нь авч хуульд заасны дагуу оролцох боломжийг нь хангасан.

18 буюу түүнээс дээш насны 2 сая гаруй иргэнийг бүгдийг нь хамруулах бодит боломж байхгүй тул статистикийн шинжлэх ухаанд хэрэглэдэг тохиолдлын аргаар түүвэрлэн сонгосон иргэдээс саналыг нь асууж оролцуулсан.

-Санал асуулга ямар хүрээнд явагдсан бэ?

-Нийт 6 багц сэдвээр санал асуулга явуулсан. Эдгээрийг Улсын Их Хурал тогтоолоор баталсан юм билээ.

Санал асуулгад оруулсан нийт сэдэв 2-3 парламент дамжин яригдсан, төрийн тогтолцоог сонгодог утгаар нь цаашид хөгжүүлэхэд чухалд тооцогддог.

Судлаачийн хувьд цухас дурдахад, Үндсэн хуулийг сайжруулахад шүүх, прокурор, Үндсэн хуулийн цэц зэргийг хөндсөн, дээрх 6 сэдвийн хүрээнд хараахан багтаагүй өөр асуудлууд бас байдаг.   

- Санал асуулгын дүнгээр ерөнхий сайдын эрх мэдэл илүү өргөн боллоо гэж хараад байгаа?

-Улсын Их Хурал, Засгийн газрын хяналт- тэнцлийг хангах явдал Зөвлөлдөх санал асуулгын эхний сэдэв байлаа.

Ерөнхий сайд нь Засгийн газрын бүрэлдэхүүнийг тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхтэй байхыг иргэд хэрхэн үзэж буйг судлахад ихэнх нь дэмжсэн тул Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгах боломжтой гэж үзсэн.

Харин Засгийн газрын гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах асуудал судалгааны дундаж утгад ойрхон байсан учир судалгааны нэмэлт мэдээллээр тодруулах шаардлагатай гэж зөвлөмж гарсан.

Төрийг тогтвортой ажиллуулж нэг цонхны бодлого явуулахын тулд парламентын хэлбэртэй улсад дээрх хоёр албыг хавсрах тохиолдол цөөнгүй.

Манай улсын хувьд парламентын гишүүдийн тоо цөөн, яамдын тоо харьцангуй олон байж ирсэн.

Иймд Засгийн газрын гишүүн давхар алба хаших нь ажил цалгардуулна гэх үзэл давамгайлдаг нь судалгаагаар харагдаж байна.

Түүнчлэн Засгийн газрын бүтцийг Үндсэн хуулиар тогтоож яамдын нэрийг хуульчлахыг иргэд дэмжсэн байна.

Яамдын нэрийг хуульчлах нь төрийн албыг тогтвортой байлгах үндэс гэж үздэгтэй холбоотой болов уу.

Гэтэл яамдын нэрийг хуульчлах нь Үндсэн хууль ойр ойрхон өөрчлөгдөх сөрөг тал дагуулах нь бас бий.

Төрийн албан хаагчийг сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халахгүй байхыг иргэд дэмжсэн

- Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгож парламентаас сонгодог болъё гэсэн санал унасан. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жил болгох талаар хуульч хүний байр суурийг сонсмоор байна?

-Ажил үүргийн давхардал арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох нь санал асуулгын хоёр дахь сэдэв юм.

Үүний хүрээнд Ерөнхийлөгчийг 6 жилээр сонгодог болохыг иргэд дэмжээгүй.

Түүнчлэн Ерөнхийлөгчийг 6 жилээр сонгохдоо УИХ-ын гишүүд, аймаг, нийслэл, хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдээс сонгохыг мөн дэмжээгүй тул Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулахад үүнийг харгалзах шаардлагатай гэж зөвлөмжид тусгасан.

Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг болиулах асуудлаар иргэдийн санал дундаж утгад ойрхон байсан тул судалгааны холбогдох мэдээллээр тодруулсны үндсэн дээр илүү оновчтой болгох ёстойг зөвлөмжид дурдсан.
 
Харин Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх нь Ерөнхий сайдыг хангалттай эрх мэдэлтэй байлгахгүй байна гэснийг иргэд дэмжсэн тул нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулахад харгалзан үзэх шаардлагатайг тэмдэглэсэн.

Ерөнхийлөгч одоо хууль санаачлахдаа засгийн газар, ерөнхий сайдаас дэмжлэг авдаг. Мөн ерөнхийлөгч засгийн газарт чиглэл өгөхөд тухайн зарлиг нь ерөнхий сайдын болон холбогдох сайдын баталгаажилттайгаар хэрэгждэг. Тэгэхээр ийм олон шат дамжлагатай бүрэн эрх байх шаардлагатай юу үгүй юу гэсэн асуудал үүсдэг.

Парламентийн засаглалтай 100 гаруй улсаас хоёрхон улсад ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй байдаг.

Бусад нь энэ эрхээ дамжуулж хэрэгжүүлдэг.

Гэтэл Монгол Улсын шинээр гарсан хуулиудаар Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрхийг нэмэх бололцоотой.

Гэвч энэ нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэтэрхий өргөн болох магадлалыг бүрдүүлж байна. 

- Төрийн албыг тогтвортой байлгах, мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэхийн тулд энэ талаарх зохицуулалтыг заавал тусгайлан хуульд тусгаж өгөх шаардлагатай юм уу?

-  Төрийн албаны зөвлөлийн  хараат бус байдлыг хамгаалах талаар Үндсэн хуульд тусгайлан заах, төрийн албан хаагчид улс төрийн намын харьяалалгүй, төрийн жинхэнэ алба мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан байх, төрийн албан хаагчийг сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халахгүй байх заалт нэмэх асуудлыг иргэд бүхэлд нь дэмжсэн.

Энэ нь төрийн албаны дээрх сонгодог зарчмууд манай улсад хэрэгждэггүй, төрийн алба хэт тогтворгүй байж ирсэнтэй холбоотой.

Иргэд тогтвортой төрийн албаар цангасан байна.

Төрийн албаны зөвлөлийн, жишээ нь 2003- 2012 онд авч хэлэлцсэн нийт маргааны талаас илүү хувь нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаан байсан тоо байна.

Иргэд дэмжсэн тул дээрх асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах шаардлагатай гэж Зөвлөлдөх зөвлөл зөвлөмждөө тусгасан. 

Бодит байдал дээр төрийн албаны асуудлыг Үндсэн хуулиар бус, холбогдох салбар хуулиар хийдэлгүй зохицуулж мөрдүүлэх боломж байдаг.

Төрийн албаны зөвлөл гэж тусгайлсан байгууллагагүй, төрийн албаны асуудлыг тухайн улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар нь эсхүл хууль зүй, дотоод хэргийн яам нь, буюу хууль зүй, захиргааны яам нь хариуцан зохицуулдаг улсуудад ч төрийн алба нь сонгодог утгаар хөгжиж, төр нь дээд зэргийн дархлаатай байдаг жишээ цөөнгүй.

Үндсэн хууль нь ямагт суурь харилцааг зохицуулдаг.

Нийгэмд тухайн үед болохгүй, бүтэхгүй асуудал болгоныг шийдэх зорилгоор Үндсэн хуульд нэмж заадаг байх нь уг хуулийн зүй тогтол, мөн чанарт төдийлөн хамаардаггүй.

Жишээ нь, манай улсын өмнөх Үндсэн хуулиудад хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдгийг 1992 оны Үндсэн хуульд заасан хэмжээнд тусгаагүй байсан.

Гэтэл уг эрхийг шинэ Үндсэн хуульд тусгаснаас хойш байдал сайжраагүй.

Экологийн тэнцвэр алдагдах, агаарын бохирдол дээд цэгтээ хүрэх явдал жилээс жилд улам ихсэх хандлагатай болсон.

Энэ бүхэн нь “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж хүний үндсэн эрхийн хэмжээнд дээрх заалтыг хэрэгжүүлэхийн тулд хангалттай судалгаа хийгээгүй, төрийн бодлогод тусгаж, оновчтой шийдвэр гаргаагүй, холбогдох хуулийг хэрэгжүүлээгүйтэй холбоотой.

Иймд зарим зүйлийг Үндсэн хуульд заахаас илүү салбар хуулиар зохицуулах, зохих шийдвэр гаргаж мөрдлөгө болгох, хариуцлага тооцох явдал чухал.

Төрийн өндөр албан тушаалтанд хууль зүйн үүднээс тусгайлан хандах нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй

-Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх нь санал асуулгын дөрөв дэх сэдэв. Энэ асуудалд иргэд ямар хариулт өгсөн бэ?

-Үүний хүрээнд Үндсэн хуульд аймаг нь сум, хотод, сум нь баг, тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар тус тус заах.

Түүнчлэн баг, хороо, тосгоны засаг даргыг улс төрийн бүтцээс ангид, тогтвортой байлгах үүднээс улсын чанартай хот, сум, дүүргийн засаг дарга шууд томилдог болох эсэх талаар санал асуусан.

Эдгээр асуудлаар дэмжсэн болон дэмжээгүй байр суурь дундаж оноод ойрхон тул судалгааны мэдээллээр тодруулсны үндсэн дээр нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах боломжтой болохыг зөвлөмжид тусгасан. 

-Төрийн албан тушаалтнуудад харицлага тооцох тогтолцоог бий болгох талаарх асуудалд иргэд ямар байр суурьтай байна?

-Төрийн хариуцлага, сахилгыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах нь сэдвээр санал асуусан. 

Үүний хүрээнд төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох, нийгмийн шударга ёсыг хамгаалах бие даасан байгууллага бий болгох, төрийн хариуцлагыг дээшлүүлэх парламентын бүтэц байгуулах асуудлыг мөн л чанарын судалгаа болон холбогдох бусад мэдээллээр баталгаажуулах шаардлагатай.

Үүний үндсэн дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах боломжтой эсэхийг авч үзнэ.

Мөн  Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх асуудлыг бусад хуулиар зохицуулах боломж байгаа тухай санал гарч байсан учраас мөн л холбогдох судалгаагаар тодруулсны дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах боломжийг авч үзэх талаар зөвлөмжид тус тус заасан.

- Иргэдийн байр суурь төрийн албан хаагчид хариуцлага тооцох асуудлыг судлаж үзэх нь зүйтэй гэж гарчээ. Харин хуульч, судлаачийн хувьд таны саналыг сонсмоор байна?

Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг Үндсэн хуулийн байгуллага бий болговол төрийн өндөр албан тушаалтны хариуцлагын талаар шийдвэр гаргадаг бусад байгууллагын үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах, эрх хэмжээний давхцал болон хийдэл хэрхэн үүсгэхгүй байх зэрэг асуудлыг хамтад нь шийдвэрлэвэл зохилтой.

Мөн үүний сацуугаар бас өөр жишээ байдаг нь сонирхол татдаг.

Тухайлбал, ерөнхийлөгч нь үндсэн хуулийн шүүхийн өмнө хариуцлага хүлээдэг, харин бусад албан тушаалтан нь ердийн шүүх болон захиргааны хэргийн шүүхийн өмнө хариуцлага хүлээдэг, тэдэнд бусад иргэдийн нэгэн адил ханддаг улсууд байдаг.

Төрийн өндөр албан тушаалтанд хуль зүйн үүднээс тусгайлан хандах нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй, харин ёс зүй болон улс төрийн хариуцлага хүлээх асуудал үүнд хамаарахгүй гэж үздэг.

Мөн аливаа байгууллагыг үндсэн хуульд зааснаар үндсэн хуулийн байгууллага гэж нэрлэхгүй.

Үндсэн хуулийн байгууллага гэж тусгай шаардлага хангасан байгууллагыг хэлдэг гэдгийг бас товчлон хэлэх нь зүйтэй болов уу.      

-Хоёр танхимтай болох асуудал яригдсан. Энэ талаар иргэдийн санал болон зөвлөмжинд юу гэж туссан бэ?

-Төрийн эрх барих дээд байгууллага- Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх талаар санал асуулга явуулсан.

Эхний шатны судалгаагаар иргэд энэ хувилбарыг дэмжиж байсан боловч хоёр танхимтай болох нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал болон 35 буюу түүнээс дээш хувийг өөрчлөхөд хүргэх тухай мэдээллийг шинжээчдээс авсны дараагаар хоёр дахь шатны судалгаагаар дэмжих хандлага нь огцом буурсан, иймд судалгааны мэдээллээр дахин тодруулснаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах эсэхийг шийдвэрлэх боломжтой талаар Зөвлөлдөх зөвлөлөөс гарсан зөвлөмжид тусгасан.

 

-Ярилцсанд баярлалаа.